Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өчигдөр танилцуулсан “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026”-д Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлжээ. Удаах байрт Дорноговь 96.2, Орхон 92.3, Өмнөговь 79.8, Дорнод 76.5 оноогоор жагссан юм. Харин Булган аймаг 34 оноогоор сүүл мушгив. Өмнөх буюу 2023 оны судалгаатай харьцуулахад 21 аймгаас тавынх нь үнэлгээ өсөж, 16-гийнх нь буурснаар улсын дундаж оноо 66.6-аас 61.5 болж багасжээ. Тухайлбал, Дархан- Уул аймаг гуравдугаар байраас нэгдүгээрт, Дорнод зургаагаас тавдугаарт дэвшсэн бол өмнө нь тэргүүлж байсан Орхон гуравдугаар байр луу ухарчээ.
Аймгуудын өрсөлдөх чадварыг дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд үнэлэхэд бүгдийнх нь дундаж оноо буурсан байна. Тухайлбал, эдийн засгийн тамир тэнхээ 11.4, засаглалын үр ашиг 6.9 оноогоор багассан байна. Харин үзүүлэлт тус бүрээр нь авч үзвэл эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь (100 оноо), засаглалын үр ашгаар Дорноговь, бизнесийн орчноор Дархан-Уул, дэд бүтцээр Орхон аймаг тэргүүлсэн аж.
Үүнээс гадна 21 аймгийн бизнес эрхлэгчдээс орон нутгийн хөгжилд саад болж буй хүчин зүйлсийг тодруулахад 20 аймгийн хувьд хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого, амьжиргааны бэрхшээл нэн тэргүүний асуудал болжээ. Түүнчлэн төрийн удирдлага, засаглалын доголдол гуравт, бизнесийн орчны хүндрэл эхний тавд эрэмбэлэгдсэн байна.
Төрийн бодлого, үйлчилгээний чанар бизнесийн орчинд шууд нөлөөлж, улмаар ажлын байр, өрхийн орлогоор дамжин орон нутгийн зах зээлийн эрэлтийг бүрдүүлдэг тул дээрх бэрхшээлүүд хоорондоо салшгүй холбоотой. Иймд аймгуудын хөгжлийг зөвхөн нэгдсэн эрэмбээр дүгнэлгүй, үндсэн дөрвөн үзүүлэлт тус бүрээр нь нарийвчлан шинжилж, орон нутгийн онцлог, давуу болон сул талд тулгуурласан бодлого боловсруулах шаардлагатайг судлаачид онцоллоо.
У.Сүрэн