Манай улс сүүлийн 15 жилд агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээнд 5.6 их наяд төгрөг зарцуулсан ч хангалттай, бодитой үр дүн гараагүйг парламентын нэр бүхий гишүүд шүүмжилж, холбогдох тоо баримт, тооцоо судалгааг олон нийтэд танилцуулж эхлэхтэй зэрэгцэн утаатай “тэмцэгчид” үүнээс гурав дахин их хэмжээний санхүүжилттэй, ээлжит “мастер” төлөвлөгөөгөө боловсруулж буйгаа зарлалаа. Тодруулбал, Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хугацаа өнгөрсөн онд дууссан учир Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны судлаач, мэргэжилтнүүд хамтран 2026-2030 онд улсын хэмжээнд хэрэгжүүлэх цогц төлөвлөгөө боловсруулж эхлээд байна.
Хэдийгээр салбарын яамныхан “Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөө”-нд иргэд, олон нийтийн санал хүсэлтийг тусгаж, төсөл, арга хэмжээ бүрийн ач холбогдол, үр нөлөө, хэрэгжих боломжийг нарийвчлан үнэлж, боловсронгуй болгохоор ажиллаж байна” гэж мэдээлсээр буй ч утаатай “тэмцэгчид” ирэх жилүүдэд хийх ажлынхаа хар зургийг хэдийн гаргаад, хуваарилах мөнгөнийхөө тайлан, тооцоог “нийлүүлчихсэн” бололтой. Ирэх таван жилд нарийн ширхэгт тоосонцор (PM2.5)-ыг одоогийн түвшнээс 66, бүдүүн ширхэгт (PM10)-ийг 77, хүхэрлэг хийг 64, азотын давхар ислийг 15 хувиар гэхчлэн багасгасаар 2030 он гэхэд Улаанбаатарын утааг 55 хувиар бууруулах зорилт тавьжээ. Нийслэлийн гэр хорооллынхны хэрэглээнд хагас коксон түлш нэвтрүүлснээс хойш агаарын бохирдол 50 хүртэлх хувиар буурсан гэж хотын захирагч Б.Пүрэвдагва мэдэгдсэн. Тэгвэл “мастер” төлөвлөгөө боловсруулагчдын тооцооллоор таван жилийн дараа гэхэд Улаанбаатар утааны асуудлаасаа бүрмөсөн ангижрах бололтой.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Баттүшиг “Энэ төлөвлөгөө мөрөөдлийн жагсаалт бус, шинжлэх ухаанч судалгаанд суурилсан, өмнөх жилүүдийн алдаа дутагдлыг засаж, шилдэг туршлагыг нэвтрүүлсэн, хариуцах эзэнтэй, хэрэгжих боломжтой ажлуудаас бүрдэх ёстой” хэмээн ярьжээ. Тийм ээ, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө мөрөөдлийн жагсаалт, мөнгө угаах хэрэгсэл болох ёсгүй. Өнгөрсөн жилүүдэд гаргасан гол алдаа нь энэ. Тиймээс утааг бууруулах таван жилийн төлөвлөгөөг яаран сандран боловсруулахаасаа урьдаар өмнөх жилүүдэд хийсэн хуудуутай ажлуудынхаа балаг, үр нөлөө, нийгэм, эдийн засгийн хор хохирол зэргийг ул суурьтай авч үзэх хэрэгтэй.
2017-2025 онд хэрэгжүүлсэн “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах үед албаны хүмүүс бас л сайн сайхан зүйлс “зөгнөж”, Улаанбаатарын утааг найман жилд 80 хүртэлх хувиар бууруулах амлалт өгч байв. Харамсалтай нь, тэд энэ хугацаанд төлөвлөгөө, зорилтынхоо 50 хувийг нь ч биелүүлж чадаагүй. Уг төлөвлөгөөнд тусгасан хамгийн өндөр санхүүжилттэй, гол ажлуудын нэг болох түүхий нүүрсийг сайжруулсан шахмал түлшээр солих төслийг нийслэлд зургаан жил хэрэгжүүлж, айл өрхүүдэд ямар ч сонголтгүйгээр хүчээр шахам хэрэглүүлчхээд, хөтөлбөрийн хугацаа дуусах алдад “Түлшээ солихгүй бол горьгүй нь” хэмээн өнгөрсөн оноос хагас кокс шахаж эхэлсэн билээ. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн сүүлийн найман жилийн хугацаанд зөвхөн Улаанбаатар хотод 720 хүн шахмал түлшинд угаартаж, нас барсан. Иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт учруулсан утааны далд хор уршгийг мөнгөн дүнгээр хэмжихэд бэрх, дааж давшгүй их “өр” гарах нь тодорхой. 2017-2025 онд хэрэгжүүлсэн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн ажлууд байгаа оноогүй, нийслэлчүүдэд үр өгөөжөө өгөөгүй. Гэтэл үүний дараагийн таван жилийн төлөвлөгөөг боловсруулагчид яг л өмнөхийн адил том тоо, тооцоололгүй хувь хэмжээ ярьж, иргэд, олон нийтийг сэнхрүүлж байна.
Шинэ төлөвлөгөөний хүрээнд ирэх таван жилд утааг бууруулахтай холбоотой хууль, эрх зүйн орчин, хяналт шинжилгээ, түлшний чанарыг сайжруулах, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, ногоон технологийг дэмжих, дулааны алдагдлыг бууруулах, дотоод орчны бохирдлыг багасгах чиглэлээр нийт 58 төсөл, арга хэмжээг 14.9 их наяд төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний 9.8 их наядыг нь эрчим хүчний хүртээмжтэй, найдвартай байдлыг хангах зорилготой ажлууд буюу дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлийн төслүүдэд зарцуулахаар тусгасан байна. Мөн айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цэвэр түлш, эрчим хүчний үр ашигтай хэрэглээнд шилжүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажлуудад 4.9 их наядыг хуваарилжээ. Үндсэндээ түлш, эрчим хүч, орон сууцжуулалтын төсөл, хөтөлбөрүүдэд нийт санхүүжилтийн 98 хувийг зарцуулахаар төлөвлөж. Үлдсэн 200 гаруй тэрбум төгрөгөөр хууль, журам, стандарт, норм дүрэм шинэчлэх, агаарын чанарын хяналт мониторингийн чадавхыг сайжруулах, байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэх ажил хийхээр тусгажээ. Эдгээрийг хэрэгжүүлснээр нийслэлийн агаарын бохирдлыг 55 хувиар бууруулах боломжтой гэж тооцсон байна.
Ингээд харвал өмнөх жилүүдэд өчнөөн тэрбум төгрөгөөр хэрэгжүүлээд үр дүнд хүрээгүй ажлуудыг шинэ төлөвлөгөөнд дахин багтаажээ. Иргэд, олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулдаг, үр ашиггүй төсөл, арга хэмжээнүүдийн нэрийг ерөнхий байдлаар тусгаж, анхаарлаас холдуулахыг оролдож. Тухайлбал, айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цэвэр түлш, эрчим хүчний үр ашигтай хэрэглээнд шилжүүлэх малгай зорилтын доор 5000 мянган өрхийг хийн халаалттай болгож, цахилгаан, дулааныг нь сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэхээр төлөвлөсөн аж. Үүнтэй холбогдуулан нийслэлийн гэр хорооллынхонд хийн халаагуур, зуух тараах зэрэг халамжийн ажлуудыг эрчимжүүлж болзошгүй нь. Мөн дотоод орчны агаарын чанарт тавих хяналт мониторингийг сайжруулах нэрээр 40 байршилд автомат станц суурилуулахаар шийджээ. Сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд баахан шахаа хийж магадгүй нь. Тэрчлэн байгаль орчинд ээлтэй, тогтвортой эрчим хүчний систем бүрдүүлэх нэрээр дулааны цахилгаан станцуудыг өргөтгөн шинэчлэх, 10 аймагт энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж. БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр ажлыг нь эхлүүлсэн ч хариуцлагагүй гүйцэтгэгчийн балгаас болж гацаж, зогссон төслүүдийг ирэх жилүүдэд үргэлжлүүлэх бололтой. Энэ мэтчилэн дурдвал агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөнд үр ашиггүй, эргэлзээ дагуулсан ажил цөөнгүй байна.
Төлөвлөгөө боловсруулагчид санаачилсан төсөл, хөтөлбөрүүдээ хамгаалахын тулд “Агаарын бохирдлын эх үүсвэр бүрд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэх нь чухал” гэдэг агуулгыг ярьж байна. Угтаа манайх шиг эдийн засгийн чадамж сул, шинжлэх ухаанч бодлого, шийдвэр гаргахдаа маруухан, төсөл, хөтөлбөрийг ач холбогдол, үр ашгаар нь үнэлж, эрэмбэлж чаддаггүй том дутагдалтай улсад цогц арга хэмжээ, эх үүсвэр бүрд чиглэсэн ажлууд хэрэгжүүлнэ гэж туйлшрах нь нөөц боломжоо тарамдаж буй л хэрэг. Иймд төсөл, хөтөлбөрүүдийг нийгэм, эдийн засгийн ач холбогдол, хэрэгжүүлэх боломж зэргээр нь бодитой үнэлж, хамгийн чухал, үр нөлөөтэй гэсэн томоохон, цөөн ажлыг хийх нь яг одоогийн нөхцөлд байгаа ононо.
Хамгийн эргэлзээтэй нь, албаны хүмүүс 14.9 их наяд төгрөг, 55 хувь хэмээх хоёр “том” тооныхоо үндэслэл, тооцооллыг тайлбарлаж, танилцуулсангүй. Монгол Улсын жилийн төсвийн тэн хагастай дүйцэхүйц хэмжээний мөнгийг хаанаас, ямар эх үүсвэрээс бүрдүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Улсын төсөв ачааллаа даахгүй, эдийн засаг амаргүй байгаа цаг үед агаарын бохирдлыг бууруулах нэрийдлээр татвар төлөгчдийн нуруун дээр өрийн дарамт нэмэх үү, эсвэл гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх үү гэдгээ салбарын яамныхан нь тодорхой зарлах хэрэгтэй. Мөн өнгөрсөн жилүүдэд салхинд хийсгэсэн 5.6 их наяд төгрөгийн зарцуулалтыг ил тод болгож, үр ашиггүй төсөл, хөтөлбөрүүдэд тэрбум тэрбумыг зарцуулан, улсад хохирол учруулсан хүмүүст хариуцлага тооцох ёстой бус уу. Алдаагаа засаж, хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлээгүй цагт 15 байтугай 50 их наяд төгрөг төсөвлөөд ч утааг бууруулж чадахгүй. Улаанбаатарын утааг цаасан дээрх сүржин зорилт, хийсвэр хувь хэмжээгээр бус, харин бодит хяналт, ил тод байдал, судалгаа, тооцоололд үндэслэсэн төлөвлөгөөгөөр бууруулна гэдгийг шийдвэр гаргагчид ухамсарлах цаг болсо байлтай.