Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хийсэн ээлжит лайвынхаа үеэр “Бодь интернэшнл” ХХК-иас нэр бүхий улстөрчдөд 110 сая ам.доллар авлигад өгч, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тендерийг улсын нууцад оруулсан” гэж ярьсан нь олон нийтийн анхааралд ороод буй. УИХ дахь АН-ын бүлэг даваа гаргийн ээлжит хуралдаанаараа “Бодь интернэшнл”-тэй холбоотойгоор хөндөгдсөн асуудлыг хэлэлцэж, энэ чиглэлээр хянан шалгах түр хороо байгуулахаар болсноо зарлалаа.
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин Монгол Улсад авлига, хулгайгаас үүдэлтэй засаглалын хямрал нүүрлэснийг хэвлэлийн хурлын эхэнд онцлоод “Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон сайд, дарга нартаа хариуцлага тооцохгүй бол Засгийн газрыг огцруулах тэмцлийг бүх шатанд өрнүүлнэ” гэж мэдэгдэв.
Харин АН-ын дарга О.Цогтгэрэл “Сүүлийн жилүүдэд тасралтгүй гарч буй авлигын хэргийн талаарх онц ноцтой драмын жүжгүүдийн ээлжит анги олон нийтэд хүрлээ. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ жүжгийн үйл явдал хурцдаж, тодорхой тоо баримт, цаг хугацаа, эзэн биетэй болж байна. Гэмт хэргээр бол эзэн холбогдогч, оролцогч талууд гээд бүх зүйл нь тодорхой боллоо. “Бодь интернэшл”-ээс үүдэлтэй 110 сая ам.долларын асуудал яригдаад хагас жил орчим болж буй. Энэ бол Монгол Улс авлигын намаг балчигт бүрэн дүүрэн живсний нотолгоо юм. Төрийн тэргүүн нь хүртэл авлигын хэрэгт нэр холбогдлоо. Олон нийтийн дунд үүсээд буй асуудлаар илт зөрүүтэй тайлбар, мэдээлэл хийж байна. Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай бүсэд ам метрийг нь нэг сая төгрөгөөр тооцон хаус худалдаж авсан гэж олон нийтийг хуурлаа.
Авлигатай цаашид хэрхэн тэмцэх, үүнд сөрөг хүчин яаж оролцох вэ гэдгээ нухацтайгаар хэлэлцэх цаг иржээ. “Бодь интернэшнл”-ээс эх үүсвэртэй 110 сая ам.долларын 22 сая ам.долларыг нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өгсөн гэх мэдээлэл бий. Үүнийг улс төрийн намын сонгуулийн санхүүжилтэд ашигласан байж болзошгүй. Тэгвэл эрх баригч нам шат шатны сонгуулийг луйвардаж, төрийн эрхийг хууль бусаар авсан гэх асуудал үүснэ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тендерийг улсын нууцад оруулсантай холбоотой бүх баримт, гэрээг ил болгох хэрэгтэй. АН үүнийг эрх баригчдаас шаардана. Хэрэв үүнийг биелүүлэхгүй бол Төрийн тэргүүн хүртэлх албан тушаалтнуудад итгэл үзүүлэх, импичмент хийх асуудлыг дэвшүүлнэ. Олон нийтийг хамруулсан өргөн хүрээний хэлэлцүүлэг хийж, эрх баригчдыг шахаж ажиллана. Ингээд ч үр дүнд хүрэхгүй бол эцсийн мөчид ард түмэнтэйгээ гудамжид гарч тэмцэнэ” гэлээ.
Ж.Сувд