- Эмийн долоон үйлдвэрээс гурав нь олон улсын шаардлага хангажээ -
Ходоод өвдвөл таван салаа, гэдэс гүйлгэвэл сөд өвс хандалж, уугаад л илаарьшдаг монгол ухаанд багаасаа суралцаж, өтгөн хар цай, хонины ясны шөлөнд орж, борогшсон бидэнд уламжлалт анагаах ухаан амьдралд хамгийн ойр. Гэвч бид европ эмчилгээг шүтэж, дорнын анагаах ухааны талаар орхигдуулж ирсэн. Үүний тод жишээ нь, 1999 онд УИХ Монголын уламжлалт
анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг баталснаас өөрөөр хууль, эрх зүйн орчныг өдий болтол бүрдүүлээгүй байна.
Монголын анагаах ухааныг орчин үеийн технологийн хөгжилтэй хослуулан хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага хэдийн үүссэнийг салбарын мэргэжилтнүүд нь хэлсээр ирсэн. Эрүүл мэндийн тухай хуульд орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанаар тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэж заасан аж. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын нэг багана нь уламжлалт анагаах ухаан
хэдий ч үүнийг хөгжүүлж, ард иргэдэд үр өгөөжийг нь хүртээж, цаашлаад дэлхийд таниулахад төрийн бодлого дутагдаж буйг уламжлалтын эмч, мэргэжилтэн, иргэд ярьж байна.
НЭГ ЭМ, ТАНГ БҮРТГҮҮЛЭХЭД ХОЁР ЖИЛ ТУТАМД 400 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛДӨГ
Улсын хэмжээнд 4300 гаруй нэр, төрлийн эм худалдан борлуулж буй. Үүний 800 нэр, төрлийг нь дотооддоо үйлдвэрлэдэг бөгөөд 60 хувь нь уламжлалт эм, тан. Гэвч нийт эмийн борлуулалтын ердөө нэг хувийг уламжлалтынх эзэлдэг байна. Энэ нь уламж лалт эм, танг олон нийтийн хэрэгцээнд зориулж үйлдвэрлэдэг бус, тухайн хүний өвчин, эмгэгийн шинж чанар, явцаас шалтгаалан тусгайлсан жороор найруулж өгдөгтэй холбоотой аж. Тэгвэл уламжлалт эмчилгээний эм, танг Эмийн улсын бүртгэлд зайлшгүй бүртгэх шаардлагатай юу гэх асуулт урган гарч буй.
2024 онд шинэчилсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16.15-д “Уламжлалт анагаах ухааны эх сурвалжид үндэслэж дотоодын үйлдвэрийн уламжлалт эмийг бүртгэнэ” хэмээн заажээ. Харин тархвар судлалын заалттай биобэлдмэл, бүртгэлийн дээж, хандив, тусламжийн эм, гамшгийн болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын нөхцөл үүссэн үед хэрэглэх эм, вакцин зэргийг улсын бүртгэлд бүртгэх шаардлагагүй гэж хуульд тусгасан байна. Мөн тус хуулийн 17.1.8-д “Эмчийн бичсэн жорын дагуу эмийн санд бэлтгэсэн эмийг бүртгэхгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл, эл хуульд уламжлалт эм, танг бүртгэхгүй гэсэн зохицуулалт алга. Тэгвэл статистик баримтаас харахад манай улсад уламжлалт эмийн бүртгэлийг 2014 оноос эхлүүлжээ. Одоогоор улсын хэмжээнд долоон үйлдвэрийн 410 нэр, төрлийн уламжлалт эм бүртгэлтэйг Эрүүл мэндийн яамныхан хэллээ. Энэ нь манай улсын эмийн зах зээл дээрх бүртгэлтэй эмийн 10.2 хувийг эзэлж буй. Тэгвэл “Манба дацан” эмийн үйлдвэр 330 гаруй нэр, төрлийн эм, тан үйлдвэрлэдэг аж. Эдгээрийн дийлэнхийг Эмийн улсын бүртгэлд бүртүүлээгүй гэх асуудал саяхан дэгдэж, олон нийтийг талцуулсныг уншигчид санаж буй биз. Уламжлалт эм, танг нийтэд зориулж бус, маш цөөн тоогоор үйлдвэрлэдэг тул жор нь нууц байх ёстой хэмээн үзэх хүн цөөнгүй байв. Харин зарим нь эмийн орц, найрлага, үйлдвэрийн явц нь стандарт хангаж буй, эсэхэд эргэлзэж буйгаа нуугаагүй. Энэ тухайд “Манба дацан” нэгдсэн эмнэлгийнхэн эмийн үйлдвэрлэлийг стандартын дагуу хатуу хяналтад явуулж байгаагаа учирласан. Эм, танг бүртгүүлэх, үйлдвэрлэхэд тодорхой хэмжээнд хүнд сурталтай нүүр тулж байснаа ч нуугаагүй. Мөн уламжлалт эм, танг орчин үеийн технологид тулгуурлан инновац шингээн үйлдвэрлэхэд хөрөнгө санхүүжилт шаардлагатай хэмээсэн юм. Тухайлбал, нэг эм, танг бүртгүүлэхэд хоёр жил тутамд 400 мянган төгрөг төлдөг бөгөөд олон зуун нэр, төрлийн эм бүртгүүлэхэд багагүй хөрөнгө шаардлагатай юм байна. Адаглаад л сав, баглаа боодлыг нь үзэмжтэй, стандартад нийцсэн болгоё гэхэд төсөв хэрэгтэй. Хөнгөлөлттэй зээл авъя гэхээр Жижиг, дунд бизнесийг дэмжих сан, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй байгалийн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах хөнгөлөлттэй зээл зэргээс олгодоггүй талаар эх сурвалжууд учирласан юм.
Уламжлалт эм, тангийн орц, найрлага, түүхийн эдийн хяналтын талаар Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлстийн дарга Х.Бунд-Очироос тодрууллаа. Тэрбээр “Уламжлалт эм, тан үйлдвэрлэхэд ургамал, амьтан, эрдсийн гаралтай түүхий эд ашигладаг. Үүнд хяналт чухал. Тодруулбал, түүхий эдийн гарал үүсэл буюу ургамлын зүйл, төрөл, хураасан хугацаа, хадгалалтын нөхцөлийг тодорхойлох шаардлагатай. Микробиологийн шинжилгээгээр уламжлалт эм, тангийн чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах нь хамгийн чухал хяналтын нэг болдог. Ялангуяа ургамал, амьтан, эрдсийн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэдэг уламжлалт эмийн хувьд онцгой ач холбогдолтой. Мөн химийн шинжилгээгээр идэвхт болон маркер нэгдлийн агууламжийг нь тодорхойлдог. Хүнд металл, пестицид, бичил биетний бохирдол, мөөгөнцөр болон бусад бохирдуулагчийг аюулгүй байдлын шинжилгээгээр тодорхойлно. Түүнчлэн найрлагын тогтвортой байдал буюу нэг жороор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүр ижил найрлага, чанартай байх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг шинжилгээг лабораториор баталгаажуулдаг” гэв.
ЭКСПОРТОЛСОН ТОХИОЛДОЛ АЛГА
Хүн төрөлхтөн техник, технологийн үсрэнгүй хөгжил, хиймэл оюуны эрэн үетэй нүүр тулсан ч байгаль, дэлхийн шүтэн барилдлага, уламжлалт анагаах ухааны ач тусад итгэн, хоруу чанар багатай эм, тан хэрэглэхийг урьтал болгож буй. Уламжлалт эмчилгээнд хамрагдаж буй хүмүүсийн 50-иас дээш хувь нь мэдрэлийн гаралтай өвчин, эмгэгийн улмаас ханддаг байна. Нойргүйдэл, архаг ядаргаа, нурууны өвчин зэргээр уламжлалтын эмчид хандаж, судсаа бариулж, тохирох эм, тан хүртэх нь олонтоо. Үүгээр зогсохгүй хануур, самнуур, шивүүр, түрэм, зүү төөнө засал, рашаан, гал зүү, готол, туйплан, сэргээн засах зэрэг олон төрлийн тусламж, үйлчилгээг уламжлалтын эмнэлгийнхэн үзүүлдэг. Тухайлбал, “Бэтүб” хийдийн “Найдан” эмнэлгийн эмч “Манайд ихэвчлэн нойргүйдэлтэй, нуруу нь өвддөг болон элэг, цөс, нойр булчирхай, хоол боловсруулах эртхний зовуурьтай хүмүүс ханддаг. Зүү төөнүүр эмчилгээ нь эдгээрт ихээхэн үр нөлөөтэй. Уламжлалт эмчилгээ үнэ хямд хэрнээ үр дүн сайтай байдаг. Мөн эмчилгээ, үйлчилгээ маань улирлаас хамааран өөр өөр. Тухайлбал, өвлийн цагт хануур эмчилгээг төдийлөн хийдэггүй. Иймд хүмүүс судсаа бариулж, тохирох эмчилгээг эмчийн заавраар хийлгэх нь зүйтэй” гэв.
“Ковид-19” цар тахлын үед ч уламжлалт эм, тан “аминд орсон”-ыг хэн хүнгүй л мэддэг. Цаашид уламжлалт анагаах ухааны хөгжлийг ахисан шатанд гаргах, үр өгөөжийг нь хүртэхийн тулд хаа хаанаа анхаарах шаардлага нэгэнт бий болжээ.
ДЭМБ-ын гишүүн орнуудын 2025 онд болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78 дугаар чуулганаар “Уламжлалт анагаах ухааны дэлхийн стратеги 2025-2034”-ийг баталсан билээ. Манай улс ч мөн адил Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын 87 дугаар тогтоолоор Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, баталсан юм. Энэ нь уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үндэсний бодлогыг олон улсын чиг хандлагатай уялдуулах үндэс болсон хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Үүний хүрээнд уламжлалт анагаах ухааны эмнэл зүйн заавар боловсруулахаар болсон. Энэ мэтээр арга хэмжээ авч буй ч гуравхан жилийн дотор уламжлалт анагаах ухааны хөгжлийг одоогийн түвшнээс хэр ахиулж чадах вэ гэдэг асуултын тэмдэгтэй хэвээр. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн зарлиг, арга хэмжээний төлөвлөгөө тунхаг төдий үлдэх вий. Уламжлалт анагаах ухааны тухай хууль батлуулах ажил удаашралтай байгаа нь ийн эргэлзэхэд хүргэж буй. Харин албаны хүн нь энэ тухайд юу хэлэх бол. Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж буй талаар Х.Бунд-Очироос лавлахад “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд санхүүжилт олгож, өдрийн эмчилгээний зардлыг 150 000 төгрөгөөр тооцож олгодог болгосон. Эрүүл мэндийн сайдын тушаалаар үндсэн мэргэшлийн нэг, төрөлжсөн 13 индекс нэмэгдүүлсэн нь уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр болж байна. Мөн Уламжлалт анагаах ухааны тухай хуулийн төслийг боловсруулж, эхний хэлэлцүүлгийг зохион байгуулсан” хэмээн ярив. Өөрөөр хэлбэл, 2026-2030 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу бол уламжлалт анагаах ухааны хөгжил ахисан түвшинд хүрэх гэнэ. Харамсалтай нь, бодит байдалд өнөөгийн уламжлалт эм, тангийн “нүүр царай” олон улсын стандартад хүрээгүй л байна. Олон улсын стандарт (GMP) шаардлага хангасан гурван үйлдвэр манайд бий. Цаашид уламжлалт эмийн үйлдвэрийг бүгдийг нь эл шаардлагад нийцүүлэн улсын хэмжээнд нэгдсэн үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн байна билээ. Түүнчлэн дотоодын үйлдвэрүүдийг 2029 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж үйлдвэрлэлийн зохистой дадлын стандарт буюу GMP шаардлага хангасан байхаар хуульчилсан. Энэ нь үндэсний уламжлалт эмийн үйлдвэр, эм, тан баригчдад тээг учруулж мэдэхээр. Чанарын шаардлага хангахыг шаардах нь зөв ч төрийн зүгээс бодлогоор дэмжихгүй бол энэ нь үлгэр болзошгүйг учир мэдэх хүмүүс хэлнэ лээ. Үүний уршгаар уламжлалт эм, тангийн нэр, төрөл одоогийнхоосоо ч цөөрч мэдэхээр байгаа гэнэ.
Манай улс дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна гадаадад эм, тангаа нийлүүлэх боломж бий хэмээн Эрүүл мэндийн сайд нар попорч ирсэн ч одоогоор экспортод гаргасан ганц ч тохиолдол алга. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд асан Ж.Чинбүрэн “Олон улс манай уламжлалт эм, тангийн орц, найрлагыг ихээхэн сонирхдог. Польш улс гэхэд экспортлох сонирхолтой байгаа” хэмээсэн нь өдгөө биеллээ олсонгүй.