Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хороо, 34 дүгээр сургуулийн орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан ч дөрвөн жилийн турш ашиглалтад оруулаагүй “Андын зам констракшн” компанийн барилгад захиалагчид нь өчигдөр хүч хэрэглэн оржээ.
Тус хотхоны “1С” блокийн барилгын явц 92 хувийн гүйцэтгэлтэй ч дулааны шугам сүлжээнд холбогдоогүйн улмаас айлууд төвхнөх боломжгүй нөхцөл үүсээд байна. Захиалагчид нийслэлийн Орон сууцын бодлогын газрын хяналтын хорооны хурлаас гаргасан шийдвэрүүдийг тухай бүрд нь биелүүлж ирж. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 23 болон тавдугаар сарын 1-ний шийдвэрийн дагуу иргэд ам метрийн зөрүү төлбөрийг бүрэн барагдуулж, хувь зээлтэй айлуудын төлбөрийг ч өгсөн аж. Түүнчлэн оршин суугчид өнгөрсөн зун өөрсдийн хөрөнгөөр шаардлагатай засвар, үйлчилгээг хийсэн ч санхүүжилт зогссоноос барилгын ажил дахин саатжээ.
Энэ талаар иргэдийн төлөөлөл “Манай байр нийт 121 захиалагчтай. Үүнээс 7-9 иргэн газраа чөлөөлж өгсөн бол бусад нь байрны төлбөрөө бэлнээр төлсөн. Бид төлбөрөө төлсөн, одоо байрандаа ормоор байна. Дулаанаа авчихвал дотор заслаа дуусгаад, шууд нүүж орох айл олон бий. Гэтэл холбогдох албан тушаалтнууд иргэд ийнхүү хохирч буйг огт анхаарахгүй байна. Компанийн зүгээс “Бид дампуурсан” гэх хариуг л өгдөг” хэмээв.
Э.Сүйлэн