Сэтгүүлч Б.Даваахүүг энэ сарын 5-6-нд шилжих шөнө хойшлуулшгүй ажиллагааны журмаар цагдан хорьсон байна. Энэ талаар түүний өмгөөлөгч Г.Лувсансампил ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн үүдэнд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр “Б.Даваахүүг цагдан хориод 10 гаруй хоног өнгөрлөө. Өнгөрсөн баасан гарагт түүнтэй уулзсан. Бие нь сайн байгаа. Прокурор мөрдөн шалгах ажиллагааны нууц гээд нотлох баримтыг бидэнд танилцуулаагүй. Түүнийг Эрүүгийн хуулийн 23.7 дахь хэсэг буюу нийтийн албан тушаалтныг заналхийлсэн гэх зүйлчлэлээр хорьж шалгаж байна. Үндэслэлгүй хэрэг үүсгэсэн гэж бид үзэж байгаа. Нотлох баримт устгах, эвдэх, оргон зайлах үндэслэлгүй тул гадуур мөрдөн шалгах боломжтой. Иймд сэтгүүлчийг суллаж, гадуур шалгах хүсэлт прокурорын байгууллагад гаргасан. Гар утас, гадаад паспорт зэрэг шаардлагатай эд, зүйлсийг нь хураасан” гэв.
Мөн МСНЭ-ээс сэтгүүлчийг суллахыг шаардаж, мэдэгдэл гаргасан юм. Сүүлийн үед сэтгүүлчдийг хэвлэн нийтэлсэн мэдээлэл, эрэн сурвалжилсан бүтээл, эрх мэдэлтнүүдийн үйл ажиллагаанд тавьсан хяналт, шүүмжлэлтэй нь холбогдуулан баривчлах, саатуулах, цагдан хорих тохиолдол гарч байгаа нь хэвлэлийн эрх чөлөөнд ноцтой эрсдэл учруулж буйг мэдэгдэлд дурджээ. Ялангуяа сэтгүүлчийг баасан гарагт баривчилж, 48 цаг саатуулаад, даваа гарагт цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгуулах ажиллагаа давтагдаж байгааг шүүмжилж, үүнд онцгой анхаарахаа МНСЭ-ийнхэн мэдэгдэв.
Ч.ТУЯА