Ховд аймгийн Дарви сумын малчин, “Баялаг Сутайн хөгжил” хоршооны дарга Г.Алтанцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Дэлхийн хүнсний өдрийн хүрээнд өнгөрсөн аравдугаар сард Италийн Ром хотод зохион байгуулсан форумын үеэр хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоо болон орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Дэлхийн 100 эмэгтэй алдартан”-ы нэг болсон билээ. Түүнийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХААБ)-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас нэр дэвшүүлсэн юм байна.
-Сайхан өвөлжиж байна уу. Танай нутагт хэр өвөл болж байна. Намаржаа, зуншлага ямар байв?
-Хур бороо элбэгтэй, сайхан зун болсон. Одоо ч хараахан хүйтэрч эхлээгүй, налгар намар үргэлжилж байна. Мал сүрэг тарга тэвээрэг сайн авсан. Малчид, хоршоологчид ч боломжийн хэрээр өвс, тэжээл нөөцөллөө. Байгалийн давагдашгүй хүчин зүйл үүсчихгүй бол өвлийг өнтэй давах болов уу.
-Та Дарвийн уугуул иргэн үү. Ер нь яагаад малчин болов. Залуучууд нэлээд хэдэн жилийн өмнөөс л мал маллах, хөдөө үлдэхээс зайлсхийж, хот суурин бараадах болсон шүү дээ.
-Манайх Дарви cумд үе удмаараа мал маллаж, ялангуяа хонь хариулж ирсэн. Миний аавын аав, өвөө минь улсын хошой аварга малчин Ц.Лосол. Өвөө намайг малд дөртэй, малч ухаантай болгохыг ихэд хичээж, олон зүйл зааж сургасан. Дарви сум бол Хөдөлмөрийн баатар, улс, аймгийн аварга малчдаараа алдартай. Хөдөлмөрийн есөн баатар төрснөөс зургаа нь хоньчин. Өөрөөр хэлбэл, манай нутгийнхан хэзээнээсээ шилмэл, сайн үүлдрийн хонин сүрэг өсгөж үржүүлэн, үр шимийг нь хүртэж ирсэн. Би ах, дүү тавуулаа, тэднээс дөрөв нь малчин. Миний хувьд 2005 онд нутагтаа ерөнхий боловсролын сургууль төгсөөд дараа жил нь гэрлэж, удалгүй ээж болсон. Залуу насандаа гэрийн эзэгтэй, ээж болж таван хүүхэд төрүүлснээс ууган, удаах хоёр нь оюутан болжээ.
Ховд их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр уг нь төгссөн юм. Гэхдээ мэргэжлээрээ төдийлөн ажилласангүй. Харин 2014-2020 онд сумынхаа Соёлын төвд номын санчаар буюу төрийн албанд зургаан жил орчим ажиллажээ. 2020 онд “Баялаг Сутайн хөгжил” хоршооны даргаар томилогдсон. Тэгээд 2023 оноос Ховдын төв дэх Политехник коллежид малзүйч мэргэжлээр суралцаж эхэлсэн. Ирэх жил төгсөнө. Бас хөнгөн үйлдвэрийн чиглэлээр мэргэшихээр ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнд арьс, ширний технологичоор бас суралцаж байна. Зайнаас хичээлээ үзэж болдог. Мал зүйч, хөнгөн үйлдвэрлэлийн технологич болчихвол тун хэрэгтэй байна.
ХОНИНЫ БЭЛЧЭЭРЭЭС Л ИНТЕРНЭТЭЭР АЯЛАН МЭДЭЭЛЭЛ АВЧ, УУЛЗАЛТ, ХУРЛАА ТОВЛОЧИХДОГ
-Нууц биш бол танайх хэдэн малтай вэ. Долоон ам бүл мал, малын гаралтай түүхий эдийн борлуулалтаар амьдардаг гэсэн үг үү. Нийслэлээс 1500 орчим км алс, хязгаар нутгийнхны амьдрал хэр байна.
-Манайх хонь давамгайлсан 1000 гаруй малтай. 2023 онд аймгийн аварга малчин болсон. Мал, малын түүхий эдийн борлуулж амьдардаг. Нэг үеийг бодвол хөдөөгийнхний, малчдын амьдрал дээшилсэн. Хот, хөдөөгийн ялгаа ч арилж байна. Учир нь Улаанбаатар болон аймаг, сумын төвүүд авто замаар холбогдон, гар утас, интернэт ашигладаг нь малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөлийг илүү сайжруулсан. Бид хонины бэлчээрээс л интернэтээр аялан мэдээллээ авчихдаг. Янз бүрийн сургалт, семинар, арга хэмжээний тов харна, ажил хэргийн түншүүдтэйгээ онлайнаар холбогдчихно. Хоршооны гишүүдийн хурлаа ч заримдаа цахимаар хийгээд, асуудлаа ярилцчихдаг. Нөгөөтээгүүр, сум, аймгийн төвд үйлдвэр бараг байхгүй. Өрхийн аж ахуйтан, бичил, жижиг үйлдвэр, цехийг эс тооцвол ажлын байр ховор. Бас сумын төвд ээжүүд голдуу өвөлжин, хүүхдүүдээ сургуульд суулган хардаг. Харин аавууд, гэрийн эзэд хөдөөнөө үлддэг байдал хэвээрээ. Гэрийн эзэд хөдөө гэрээ харж, малаа маллаад өвөл, хаврын турш ганцаараа. Эрчүүд өөрсдөдөө анхаарал муутай, эрүүл мэнд нь ч доройтдог гээд асуудал бий, бий.
-Хөдөө ажлын байр цөөн, мэргэжилтнүүд ч дутмаг. Зайнаас сураад, мэргэжлээ дээшлүүлж, эсвэл өөрчлөөд нутагтаа ажиллаж, амьдрах боломж бас ч бүрдсэн юм байна.
-Тийм ээ. Хийх хүнд арга нь олддог гэгчээр хөдөө залуус цөөрч, ажиллах хүч багасаж буй энэ үед өөрөө л мэргэжлээ өөрчилж, дээшлүүлэхгүй бол болохгүй нь. Манай хоршооныхон Дарвийн алдарт Сутай хонийг олшруулах, ашиг шим сайтай, цөм сүрэг бий болгохыг зорин ажлаа эхлүүлсэн. Хамгийн гол нь өөрөө мэдлэгтэй, чадвартай байж гэмээн бусдад зааж сургана, манлайлна. Хуц, ухна тавих, зохиомол хээлтүүлэг хийхэд заавал мал зүйч байх шаардлагатай. Бас хонины ноос боловсруулж, хурганы арьс, нэхий элдэж бэлтгэхэд хөнгөн үйлдвэрийн технологичийн мэдлэг хэрэгтэй байна. Тиймээс сургуульд суралцаж явна.
-Танай хоршоо хэдэн гишүүнтэй вэ.
-“Баялаг Сутайн хөгжил” хоршооны зорилго бол эрс тэс уур амьсгалд, ялангуяа өндөр уултай, салхи ихтэй байгалийн онцлог нөхцөл бүхий Дарвийн бэлчээр, нутагт дасан зохицсон Сутай хонины генетик нөөцийг хамгаалах, үржил селекцийг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх юм. Бас бид өтөг бууцаар бордон малын тэжээл, эрдэнэ шишийг баруун аймагт анх удаа тарьж байгаа. Хоршоо маань 95 өрхийн гишүүнчлэлтэй, 200 гаруй гишүүнтэй. Хоршооны гишүүн өрхийн 50 000 гаруй хонь бий.
МАЛЫГ ДУР ЗОРГООР ЭРЛИЙЗЖҮҮЛСНЭЭС ТҮҮХИЙ ЭДИЙН ГАРЦ МУУДАЖ, ЗУДЫН ЭРСДЭЛД ТЭСВЭРГҮЙ СҮРЭГ ҮҮССЭН
-Сутай үүлдийн хонь ямар онцлогтой вэ?
-Товчхондоо, бүс нутгийнхаа, цаг агаарын нөхцөл, бэлчээр, өвсний гарц, шинж чанарт нь дасан зохицсон хонь юм. Ховд бол өндөр уултай, тачир өвстэй, гол ус багатай, зарим талаар цөлөрхөг гэж болох уур амьсгалтай. Өндөр уулын жаварт нь Сутай хонь хамгийн сайн дасан зохицож, ашиг шим ихтэй байж ирсэн. Бүр 1970-аад оноос ийм хонийг нутагшуулж, үүлдрийг нь улам сайжруулж, генетик нөөц бүрдүүлж байж. Сутай хониноос авах ноос, мах, сүүний гарц өндөр байсны үр дүнд Хөдөлмөрийн баатар хоньчид олон төрсөн хэрэг. Гэтэл зах зээлийн нийгэмд шилжин, малчид сүрэгтээ өөрсдийн дураар эцэг мал тавьж, олон жил хадгалж, мөрдөж ирсэн стандартыг хайхрахаа больсон. Улмаар 2010 оноос Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгаас ууцан сүүлтэй хуц, ноолуур сайтай ухна, хурдан удмын азарга авч ирэн, эцэг мал тавих нь олширсон. Зүүн бүсийн аймгууд морины дөрөө шүргэм өндөр өвстэй, талархаг. Гэтэл баруун тийшээгээ тачир өвстэй, чулуурхаг хөрстэй. Ийм өөр орчин, онцлог нөхцөлд дасан зохицсон малуудыг эрлийзжүүлээд нэг, хоёрдугаар үеийн төл нь ашиг, шимтэй, хурдан байж болох ч, гурав болон түүнээс дээш үед асуудал тулгардаг юм байна. Тодруулбал, зудын эрсдэл даах чадваргүй, байнга тэжээл иддэг, тэсвэрлэг биш, чанарлаг бус сүрэг үүссэн. Тиймээс л тухайн орон нутагтаа дасан зохицсон малын генетик нөөцийг нэмэгдүүлэх, өмнө нь адгуулж, маллаж байсан сайн үүлдрийг тодруулах, олшруулах шаардлагатай. Бог, бод алиныг ч тэр заавал өөр аймаг, сум, БНХАУ-ын малтай эрлийзжүүлэх албагүй, зөвхөн орон нутаг, байгалийн онцлогтоо тохирсныг нь өсгөхөд анхаарах шаардлагатайг малчид одоо ойлгосон.
-Дээр үеийн нэгдлээс хоршоо юугаараа өөр вэ. Хоршоолж ажиллахын давуу тал юу байна. Сум, орон нутгийн захиргаанаас дэмждэг үү?
-Хоршоо бол хувийн өмчид түшиглэсэн, сайн дураар эвлэлдэн нэгддэг байгууллага. Ардчилсан зарчмаар ажиллан, хөдөлмөрөө зөв зохион байгуулж, ашгаа шударга хуваарилдаг. Мэдээж хамтын хүчээр ажиллах нь малчин бидэнд дөхөм. Ноолуур тушаалаа гэхэд 10 кг-ыг борлуулах, 10 тонныг зарах шал өөр шүү. Хоршооны, их хэмжээний түүхий эдийг худалдан авахдаа ч үйлдвэрүүд дуртай, ашигтай санал тавьдаг, хэлэлцэж тохиролцож болдог. Бид ирэх жил хээрийн бус, бойны газар нээхээр ажиллаж байна. Ажлын явц одоогоор 60-70 хувьд хүрсэн. Мөн мах гүн хөлдөөх 20 тоннын чингэлэгтэй. Тэндээ махаа хөлдөөж, нөөцлөөд төв замын дагуух хоолны газруудад борлуулдаг. Зам, харилцаа сайн хөгжиж буй учраас манай сумын захад 2-3 том цогцолбор баригдсан. Хоршооныхны малын махыг тэнд нийлүүлж хэвшсэн. Ирэх жил стандартын дагуу мах бэлтгэх цех ашиглалтад оруулчихвал арьсны чанар ч сайжирна, мах бэлтгэлийн ажил ч хөнгөвчлөгдөн, илүү их ашиг олох боломж бүрдэх байх. Орон нутгийн удирдлагуудтайгаа бид сайн ойлголцдог. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуй байгууллагатай хамтран ажилладаг. Тус байгууллагын дэмжлэгтэйгээр би Ромд олон улсын хуралд явсан.
-Ромд болсон хурал, арга хэмжээний сониноосоо товч хуваалцахгүй юу. Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй Дэлхийн шилдэг 100 эмэгтэйн нэг болсонд тань баяр хүргэе.
-Хөдөө аж ахуйн салбарт ажилладаг, 100 гаруй орны бүсгүйчүүд Италид чуулж, хуралдаж, туршлага солилцсон. Тэнд ердөө гуравхан хоньчин бүсгүй байсны нэг нь би. Тэр чуулга уулзалтаас нэг зүйлийг онцгойлон тусгаж авсан нь бэлчээрийн менежментийг сайжруулах юм. Цөлжилтөд малчид, мал бүхий иргэд буруугүй, малаас шалтгаалж бэлчээр доройтож, цөлждөггүй гэдгийг өнгөрсөн намар манай улсад зохион байгуулсан “CОР-17”-гоор ярьж, ойлголцсон шүү дээ. Гэхдээ жил ирэх бүр бэлчээр доройтож, цөлжилт нэмэгдсээр байгаа нь үнэн. Тиймээс бид улсын хэмжээнд бэлчээрийн менежментийг сайжруулах буюу хавар цухуйж буй шинэ ногоог эхний хагас сард малд идүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй юм билээ. Цухуйсан ногоог 14-өөс дээш хонуулж байж идүүлбэл ахиад ургах төдийгүй, тухайн бэлчээрт ногоо соёолж, ургах орчин нь хадгалагдана. Малчид үүнд төдийлөн ач холбогдол өгөлгүй явж ирж. Дээр үед мал цөөн байснаас ногооны гарц, соёололтын хугацаа зэрэгт анхааралгүй, хаана ч хамаагүй малаа бэлчээдэг байв. Одоо бол сэлгээ бэлчээрийг заавал бий болгох, ногоо соёолох үед малаа нөөц өвс, тэжээлээр бордож байж байгалийн бэлчээрт гаргах зэргээр анхаарах шаардлага үүсжээ. Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбар дахь жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлэх, энэ хүйсийн малчид, фермерүүдийн ажлыг дэмжсэнээр ядуурлыг бууруулах, хөдөөгийн иргэдийн орлогыг сайжруулах боломжтойг олон улсын түвшинд ярьж байна. Тиймээс ч малчин, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах зорилгоор дэлхийн шилдэг малчин эмэгтэй гэдэг шагнал, өргөмжлөл бий болгожээ.
-Махны үнэ өссөөр байгаа. Энэ нь төв, суурин газрын хүмүүсийн амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг ч, малчдын орлогыг сайжруулахад томоохон дэмжлэг болж буй байх.
-Тийм шүү. Манай хоршооны гишүүдийн хувьд гэхэд хонь, үхэр борлуулж боломжийн ашиг олчихдог. Бид хонины мах хөлдөөж, нөөцөлдөг 20 тоннын чингэлэгтэйг дээр дурдсан. Бас Дарви 3000 гаруй хүн амтай том сум, аймгийн төв, Улаанбаатарыг холбосон авто замаар суудлын болон ачааны тэрэг олноор зорчдог. Зам дагуу барьсан 2-3 худалдаа, үйлчилгээний төвийн цайны газарт махаа нийлүүлчихдэг. Махаа хаашаа, хэнд зарах вэ гэж санаа зовохгүй. Нэмээд хонины ноосыг цахилгаан хайчаар хайчилж эхэлсэн. Цахилгаан хайчийг нэвтрүүлсэн нь хөдөлмөр хөнгөвчилсөн, хүн, малд ээлтэй чухал ажил болсон. Тийм хайчтай таван залуу л долоо хоногт 10 000 гаруй хонь хяргачихаж байгаа юм. Бас махны үнэ өссөн нь малын дайвар бүтээгдэхүүний эрэлтийг ч нэмэгдүүлж, хаягдал үүсэхээ больсон. Өөхөөр саван хийн, толгой, шийр, цувдайг нь боловсруулаад идэх нь улам өссөн. Хонь, хурганы арьс боловсруулах, ялангуяа хурганы арьс элдэж худалдах зорилгоор хөнгөн үйлдвэрийн технологич болохоор зүтгэж байна. Хурганы арьсан дээл, дэвсгэр, суудлын бүрээс зэрэг нь зах зээлд эрэлттэй байдаг. Арьсаа стандартын дагуу элдэж, цэвэрхэн боловсруулж сурчихвал хаана, хаанаа хэрэгтэй.
-Хоёр хүүхэд нь оюутан болсон гэсэн. Ямар мэргэжил сонгов. Танайх удам дамжсан малчин айл, хүүхдүүдээ малчин болгох уу?
-Ууган охин минь Улаанбаатарт ХААИС-д Бэлчээр, тэжээлийн технологич мэргэжлээр сурдаг. Хүүгээ “Share Mongolia” төслийн хүрээнд Шинэ Зеланд улсад цахилгаан хайчны техникчээр сургахаар визийг нь мэдүүлчихсэн. Арванхоёрдугаар сарын эхээр явах байх. Цаашид хөдөө аж ахуйгаар буюу хонины аж ахуйн чиглэлээр Австралид сургах бодол бий. Хүүхдүүдээ хөдөө аж ахуйгаас холдуулахыг хүссэнгүй, өөрсдөө ч мэргэжлээ сонгохдоо төдийлөн цааргалаагүй. Би Сутай хонио өсгөн үржүүлэхэд үлдсэн амьдралаа зориулах бодолтой. Сүртэй хэлж буйг минь зөвөөр ойлгоорой. Дарвийн малчдын олон жилийн хөдөлмөрийг шингээсэн, нутаг орныхоо онцлогт тохирсон, мах, ноосны гарц сайтай, шилмэл хонин сүрэгтэй, томоохон аж ахуйтай болох зорилготой. Хонины ноос, түүхий эдийг бүрэн боловсруулдаг, цогц төвтэй бол сайхан сан. Малын түүхий эдийг бүрэн боловсруулах үйлдвэрүүдийг бүх аймагт байгуулахад улсаас анхаарах шаардлагатайг дурдах нь зүйтэй.
Бас олон улсад бэлчээрийн малын мах, сүү зэрэг түүхий эдийн чанар хэзээд үнэ цэнтэй хэвээр байна. Манай орны хувьд эрчимжсэн болон бэлчээрийн аж ахуйг хослүүлж хөгжүүлэх нь илүү үр дүнтэй байх болов уу. Зун, намарт малаа бэлчээж, бэлчээрээр адгуулна. Харин өвлийн хахир үе, хавар суурин маллаж, тэжээж, тэнхрүүлэх хэрэгтэй. Ингэж хослуулбал нэг малаас авах ашиг шим ч сайжирч, малчдын хөдөлмөр ч хөнгөрнө.
-Малчид малаа, ялангуяа хонийг тариагаар таргалуулдаг, тэр нь хүний биед хортой гэж ярих боллоо. Энэ талаар юу хэлэх вэ?
-Ивомекийг л малдаа тарьчихдаг, тэр нь өөхөн тарга үүсгэдэг гэсэн утгатай зүйл сонсогдох болсон. Тийм зүйл огт байхгүй. Малын эмчийн зөвлөгөөгөөр паразит, гуурнаас хамгаалах зорилгоор тарьдаг. Бүх малыг биш, өвдсөн, эрсдэлтэй, цөөн малд л хийдэг тариа шүү дээ.
С.Дулам