Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийж байна. Тэрбээр, "Сүүлийн үед үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан, зарим гэмт бүлэглэлийн шинжтэй этгээдүүдээс эрээ цээргүй довтолгоо хийж, төрийн тэргүүн болон ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйлдлүүд гарч байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдана гэдэг нь ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Мөн Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд халдаж байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн нэр хүнд бол улс орны гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаатай шууд холбоотой асуудал. Хүнийг үндэслэлгүйгээр хамаагүй онц ноцтой гэмт хэрэгт холбон гүтгэж, доромжилж байна. Ингэж болдог юм уу? Ерөнхийлөгч хүн бүх асуудалд оролцож, тухай бүрд нь хариу өгөөд байх боломжгүй. Монгол Улсад хүн биш, хууль засагладаг. Өчигдөр Ардчилсан намын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаа өгч, үнэн мөнийг тогтоолгох хэрэгтэй гэсэн байна. Би үүнтэй санал нэг байна. Төрийн тэргүүний үүрэгт ажлаа өгч, үнэн худлыг тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Иймд Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. Би нэр төрөө сэргээнэ. Ажлаа өгч байгаа иргэн болоод ярих юм их байна." гэх мэдээллийг өглөө.