Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Онцгой байдлын ерөнхий газар болон Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалтай \2026.11.17\ танилцан, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.
2026-2027 оны өвөл агаарын температур олон жилийн дунджаас таван хувиар илүү хүйтрэх төлөвтэй байна. Зудын эрсдэлийн үнэлгээгээр маш өндөр эрсдэлтэй 35 сум, дунд эрсдэлтэй 247 сум, бага эрсдэлтэй 40 сум байна. Шадар сайд Н.Номтойбаяр зудын эрсдэлийг бууруулах, болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодорхой болгож, эрсдэл өндөртэй аймаг, сумдад бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангахыг үүрэг болголоо.
Мөн “Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд онцгой байдлын байгууллагаас тусгах санал, дүгнэлтийг сонслоо. Шадар сайдын зүгээс бүх асуудлыг улсын төсвөөс санхүүжүүлэх зарчимд баригдалгүй, байгууллагын санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх боломж, тогтвортой санхүүжилтийг бий болгох санал боловсруулах чиглэлийг өгөв.

Улсын онцгой комисс;
Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах,
Барилга байгууламж, дэд бүтцийн аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг сайжруулах,
Байгаль орчны аюулгүй байдлыг хангаж, холбогдох стандарт, шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих чиглэлд онцгой анхаарч ажиллана.
Шадар сайд Н.Номтойбаяр “Онцгой хотхон” төслийн 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, гүйцэтгэлийг шуурхайлах үүрэг өглөө. Онцгой байдлын алба хаагчдын эрх ашгийг хохироохгүй байх, алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарах, барилгын ажлыг ашиглалтад оруулахад шаардлагатай асуудлыг шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгов. Тулгамдсан асуудал, санхүүжилтийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга бэлтгэн, эргэн мэдээлэх чиглэл өгөв.




