Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өчигдөр тохиолоо. Түүхэн ойн хүрээнд их зохиолчийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээс гадна олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Хүндэтгэлийн арга хэмжээнд утга зохиолын салбарын үе үеийн төлөөлөл оролцож, уран бүтээлчид “Учиртай гурван толгой” дуурийн хэсгээс толилуулсан юм. Мөн Үндэсний номын санд “Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болж, түүний бүтээлийг хойч үеийнхэндээ сурталчлан таниуллаа.
ТАВАН ОРНЫ ЭРДЭМТЭД ТУУРВИЛ ЗҮЙН ОНЦЛОГИЙГ НЬ ХЭЛЭЛЦЭВ
“Их зохиолч Дашдоржийн Нацагдорж-120” олон улсын эрдэм шинжилгээний хуралд таван улсын 30 гаруй эрдэмтэн оролцож, бичих арга барил, оюуны өвийг нь судлан, шинжлэх ухааны эргэлтэд оруулах талаар санал солилцсон юм. Хурлыг профессор С.Байгалсайхан удирдсан бөгөөд Гавьяат багш Ч.Жачин “Д.Нацагдоржийн гар бичмэл өв, бусад гар бичмэлээс ялгарах онцлог, урланг тодорхойлох асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлжээ.
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд энэ онд олон талт арга хэмжээ зохион байгуулж буй. Тухайлбал, Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ынхан “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгээ толилуулсан бол Хүүхэлдэйн театрынхан “Монгол ардын суут” бүтээлээ энэ сарын 20-ныг дуустал үзэгчдийн хүртээл болгож байна. Мөн Зохиолчдын эвлэлээс анх удаа хүүхдийн зохиолын улсын уралдаан зарлаж, “Чингис хаан” үндэсний музейтэй хамтран “Их бичгийн хүмүүн Нацагдорж” түр үзэсгэлэн гаргажээ. Цаашид “Болор цом”, “Утгын чимэг” наадмаа ч мөн эл ойд зориулан тэмдэглэх аж. Түүнчлэн их зохиолчийн 60 жилийн ойд зориулан ашиглалтад оруулсан музейг сэргээн засварлах ажлыг эхлүүлж, зураг төслийг нь холбогдох яаманд хүргүүлээд байна.
Үүнээс гадна түүний амьдрал, уран бүтээл, гар бичмэл болон судалгааны бүтээлүүдийг багтаасан хэд хэдэн ном, товхимол хэвлүүлжээ. Тэдгээрт “Д.Нацагдорж. Бүрэн зохиол”, “Дашдоржийн Нацагдоржийн гар бичмэл, баримт, текст шинжлэл”, “Дашдоржийн Нацагдорж гэрэл зураг, баримт”, “Улирал ба зохиолч”, “Онгодын шүлэг зүй хийгээд далайн цадиг: Өрнөдийн туурвил зүйн уран сэтгэмж дорнод нэвтэрсэн явц, түүний хувиралт, өөрчлөлт” зэрэг бүтээл багтсан аж.
ҮНДЭСНИЙ УТГА ЗОХИОЛЫН ХӨГЖИЛД ӨНГӨ ТӨРХ НЭМСЭН НЬ
Их зохиолч 1906 оны арваннэгдүгээр сарын 17-нд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутайн Мэлзэй хэмээх газарт тайж Дашдоржийн гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, нийгмийн олон салбарт шинэчлэл өрнөсөн цаг үед амьдарч, үндэсний утга зохиол, урлаг, соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн.
Түүнчлэн бага залуугаасаа эрдэм боловсролд шамдаж, 1918 оноос Цэргийн яаманд бичээчээр ажиллажээ. Ардын хувьсгалын дараа жанжин Д.Сүхбаатарын нарийн бичгийн даргаар томилогдсон бөгөөд Судар бичгийн хүрээлэнгийн Дуун ухааны тасгийн эрхлэгчээр ажиллахдаа “Монголын түүхийн товч” бүтээл туурвиж, латин хэлний дүрэм, толь бичиг зохиоход оролцжээ. Мөн “Пионерын дуу”, “Хэнз хурга”, “Хоёр ишиг” зэрэг бүтээлээрээ хүүхдийн яруу найргийн эх суурийг тавьсан аж.
Тэрбээр орос, герман, латин, манж, төвөд хэл эзэмшиж, англи, хятад хэл судалсан нь дэлхийн сонгодог зохиолтой танилцах, өрнө, дорнын уран зохиолын арга барилаас суралцаж, бүтээлдээ тусгахад нөлөөлжээ. Д.Нацагдоржийн зохиол бүтээлийн нэг онцлог нь уран яруу зүйрлэл, эсрэг болон ижил утгатай үгийн оновчтой сонголт байв. “Цагаан сар ба хар нулимс”, “Өвлийн хүйтэн, янагийн халуун”, “Үүрийн жавар, уурын чимээ” зэрэг шүлэг, өгүүллэг нь тухайн үеийн үндэсний утга зохиолд шинэ өнгө төрх нэмж, өнөө ч уран зохиолын хөгжилд чухал байр суурь эзэлсэн буй билээ.