Зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өмнөд хөршийн Шинтай хотод болж өндөрлөлөө. 15 орны 348 тамирчин таван насны ангилалд өрсөлдсөн тус тэмцээнд манайхаас залуучуудын ангилалд олон улсын мастер А.Дашчирэв рапид, блиц төрөлд тус бүр хүрэл медаль хүртэв. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медальтай ирсэн юм.
Түүнээс өмнө дээрх тэмцээнд оролцсон Монголын багаас 2014 онд олон улсын их мастер Ц.Сүхбат, 2015 онд Б.Мөнхжин хүрэл, 2019 онд Дэлхийн даамын холбооны мастер М.Шийрэвжамц мөнгө, 2025 онд Б.Баасанбар хүрэл медальтай ирсэн түүхтэй.