“Ажилтай тулдаа л өртэй байна” гэх үг хэвшмэл хэлц шиг түгээд удлаа. Энэ нь ажил хийж, цалин авсан ч өр төлбөрөөс огт салж чадахгүй байгааг илэрхийлж буй. Мөн орлого нь юутай ч өр тавих “барьцаа” болж, мөнгө зээлсэн ч цалингаа буухаар өгчихнө гэсэн бяцхан найдвар бийг илэрхийлнэ. Түүнчлэн энэ сарын эхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд “Айл өрхүүд өвлийн идшээ аппликэйшний зээлээр авах боломжтой” хэмээн даажигнасан. Иргэдийн амьжиргааг дээшлүүлж, эдийн засгийг хөгжүүлэх бодлого боловсруулж, хичээж ажиллах учиртай төрийн сайд зээлээр мах авахыг уриалж гэх үү, бахархаж гэх үү ярьсан нь манай улсын, айл өрхийн эдийн засаг хүнд буйн жишээ. Эдийн засгийн нөхцөл муудсанаар хүмүүсийн худалдан авах чадвар буурч, төгрөг үнэгүйдэж, зээлийн хүү өсөн, өр төлбөр нэмэгдэх зэрэг олон сөрөг үр дагавар бий болгосоор. Ялангуяа өрийн хавханд орсон иргэн, айл өрх олшрох болов. Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос өнгөрсөн сард гаргасан тайланд улсын хэмжээнд зөвхөн ББСБ-ын зээлдэгчийн тоо давхардсан тоогоор 3.6 саяас давсныг мэдээлжээ.
Энэ нь манай улсын нийт хүн амтай тэнцэхүйц том үзүүлэлт. Түүнчлэн нэг хүнд ногдсон дүнгээс нь харахад нярай хүүхдээс эхлүүлэн манай орны иргэн нэг бүр аравдугаар сард дунджаар 915 000 төгрөгийн зээлтэй байжээ гэхэд болно. Гэтэл зээлийн хүү нь сард багадаа гурав, жилд 36 хувиас давна. Бүр жилд 60-аас дээш хувийн хүү төлдөг жишиг үүссэнийг ч мэдээлж буй. Тэгэхээр 915 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай зээлэхэд багадаа 1.2 сая төгрөг болгож өгнө. Зээлийн хүү өндөр ч зээлдэгчид яагаад улам нэмэгдсээр байна вэ.
Дээрх асуудал нь иргэд санхүүгийн сахилга бат сул, хэрэглээний зээл авах дуртай, хөрөнгийн менежмент муутай гэсэн үг биш аж. Харин иргэдийн болон аж ахуйн нэгжүүдэд мөнгө эрэлттэй, олж буй цалин, орлого нь зардалдаа хүрэхгүй, хүнд байдалд орсны илэрхийлэл. Мөн арилжааны банкны хүү ББСБ-уудынхаас бага ч, зээлийн шаардлага их, хүртээмжгүй зэрэг нь өндөр хүүтэй зээл олголтыг гааруулж, өрийн дарамт үүсэх нөхцөл болж байна. Түүнчлэн технологийн дэвшлийн үр дүнд финтек салбар хүрээгээ тэлж, иргэдийг цахимаар, хялбар зээл авах нөхцөлийг улам бүр бүрдүүлж буй. Ийм зээл нь бичиг баримтын зардалгүй шахам, нэг байгууллага олон мянган хүнд, шуурхай зээл олгодгоороо давуу талтай. Улмаар зээлийг богино хугацаанд өгч, эргэн төлүүлж, ахин олгох маягаар тогтмол цикл бий болгон, зах зээлийг тэлсээр. Энэ талаар иргэн Т.Гантөгс “Ерөөсөө аппликэйшний зээлээр авахгүй юмгүй болсон. Томоохон супермаркетууд, худалдааны төвүүд, тавилга, цахилгаан барааны дэлгүүр гээд бүх үйлчилгээнд зээл санал болгож байна. Зээл авч төлбөрөө төлнө, үгүй бол бараа, бүтээгдэхүүнээ зээлчихэж болно. Би ипотекийн болон гурван аппликэйшний зээлтэй. Сард одоогоор дөрвөн сая төгрөг төлдөг. Гэтэл цалин маань 2.8 сая төгрөг орчим. Юутай ч ипотекийн 2.1 сая төгрөгийн зээлээ төлөөд үлдсэнийг нь ахин өр тавьж, олон аппликэйшнээ сөөлжилж хэрэглээд явдаг. Ипотекийн зээлийн хүү бага жилийн найман хувь боловч, 20 жилийн эцэст анх зээлсэнтэйгээ дүйцэхүйц мөнгийг хүүд нь төлөх юм билээ. Аппликэйшний зээлийн хэмжээ ихгүй, 1-3 сая төгрөгт эргэлдэх ч, хүү өндөр. Урт, богино хугацаандаа аль аль нь санхүүгийн дарамт л юм. Гэхдээ зээл авч, хэрэглээгээ хангах боломж байгаа нь дэвшил шүү” гэлээ.
“ХҮҮГҮЙ, ШИМТГЭЛГҮЙ МӨНГӨ ЗЭЭЛЭХ НЬ ДАВУУ ТАЛ”
Иргэн С.Эрдэмтөгс “Авах цалин, орлогоо урьдчилаад зээлчихдэг учраас ажиллахаас өөр аргагүй. Гэлээ гээд сэтгэл санаагаар унах хэрэггүй болов уу. Гол нь цаг хугацаа алдаж, ямар нэгэн юм худалдан авахаа, мөнгөтэй болохоо хүлээх явдалгүй. Би гэхэд өнгөрсөн сард гоо сайхны эмнэлэгт зээлээр үйлчлүүлсэн. “Pocket zero”, “Storepay” аппликэйшнээс хүүгүй, урьдчилгаагүй мөнгө авч болно гэсэн. Гурван сая төгрөг зээлээд зургаа хувааж, хүүгүй төлөхөөр болсон. Хялбар, хэрэгтэй үйлчилгээ биш гэж үү. Бас ирэх хоёрдугаар сард Зүүн Өмнөд Азийн орнууд руу явах таван өдрийн аяллын үйлчилгээг ч бас зээлж болох учраас сонирхож эхэлсэн. Сул тал нь ирэх хэдэн жилийнхээ орлогыг л урьдчилаад авчихна. Тиймээс санхүүгээ зөв зохион байгуулна гэсэн үг. Бүр болохгүй бол ажлаасаа гарч, илүү өндөр цалинтайд нь орно доо” хэмээв.
Аппликэйшний, богино хугацааны цахим зээлтэй иргэд, залуус өр тавьсандаа төдийлөн санаа зовохгүй байна. Мөн хүүгүй, шимтгэлгүй зээл авах боломжтой байгаад сэтгэл хангалуун байх шиг. Тэгвэл “Pocket zero”, “Storepay” зэрэг үйлчилгээ нь хэрэглэгчээс бус, тухайн үйлчилгээний байгууллагаас шимтгэл авах маягаар үйл ажиллагаа явуулдаг аж. Ингэснээр олон харилцагчийг буюу худалдааны төвүүд, эмнэлэг, гоо сайхны салон зэргийг нэгтгэсэн томоохон сүлжээ үүсгэж чаддаг. Ийм сүлжээ нь иргэдэд бүх зүйлийг зээлээр авч болох нөхцөл бүрдүүлж, өрийн хавхыг улам олшруулах нөхцөл болдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Дээрх аппликэйшнүүдийн борлуулалтын шимтгэл нь 3-5 хувь гэсэн албан бус дүн ч бий. Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийн бараа зарсан худалдагч зээлийн аппликэйшнд гурван хувийн буюу 30 000 төгрөгийн шимтгэл төлнө гэсэн үг. Эл мөнгөө бүтээгдэхүүнийхээ үнэд урьдчилаад суулгачихна. Энэ талаар эдийн засагч, судлаач М.Энхбаяр “Финтек салбар улам өргөжин, илүү олон хэрэглэгч, үйлчилгээний байгууллагыг хамруулж буй нь нэг талаас дэвшил. Олон хүн цалинжуулдаггүй, бичиг цаасны зардал бага зэрэг нь зээлийн бүтээгдэхүүний хүүг бууруулах давуу талтай. Гэхдээ иргэд ипотекийн зэрэгцээ хэрэглээний олон зээлтэй байх нь өрийн дарамтыг нэмэгдүүлж, өрийг өрөөр дарах нөхцөл болно. Энэ нь ч олон статистикаас харагддаг. Тухайлбал, СЗХ-ны тайланд 2024 оны хоёрдугаар улиралд ББСБ-ын зээлдэгчийн тоо 1.8 сая гаруй байсан бол өнгөрсөн жилийн II улиралд 2.7 саяд хүрч өссөн. Тэгвэл энэ оны хоёрдугаар улиралд давхардсан тоогоор 3.6 саяас давчихсан байгаа юм. Хоёр жилд хоёр дахинаас илүү хэмжээгээр зээлдэгчдийн тоо нэмэгдсэн. Нийт зээлдэгчийн 64-65 хувь нь 18-35 насныхан байна билээ. Гэтэл ийм насныхан ипотекийн зээл авах шалгуурыг хангадаггүй, урьчилгаа бүрдүүлж чаддаггүй, нэг ажлын байранд 0.9 сар орчим л ажилладаг гэсэн статистик байдаг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн чадамж муу, тогтвортой ажилгүй хэрнээ хэрэглээний зээл авч, өр тавьдаг хүн олшроод байгаа хэрэг. Тиймээс залуус санхүүгийн нөхцөлөө сайжруулах, хэрэглээний зээл авахаас аль болох зайлсхийх, өр, орлогоо зөв удирдах шаардлагатай. Хялбар, бага хэмжээний зээл авчихдаг, төлж чаддаг хэмээн ББСБ-ын эздийг баяжуулаад байх хэрэггүй дээ” хэмээн ярив.
Банкны зээлийн хүртээмж муу, шалгуур өндөр учраас аппликэйшний зээл өсөж, санхүүгийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлж буй хэмээн СЗХ болон зарим эдийн засагч тайлбарладаг. Бас хурдан шуурхай, зардал бага нь давуу тал болдгийг дээр дурдсан. ББСБ-ууд IPO гарган, хөрөнгө оруулалт татаж, санхүүгийн салбарыг солонгоруулж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж буйг үгүйсгэх аргагүй. Гэтэл нөгөө талд ийм зээлийн хэмжээ өсөхийн хэрээр, эргэн төлөлтөд нь асуудал тулгарч, чанаргүй зээл ч нэмэгдсээр байна. Тодруулбал, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр өнгөрсөн есдүгээр сард томилогдсон Ц.Цогт сэтгүүлчидтэй хийсэн анхны уулзалтынхаа үеэр “Шүүхийн салбарт хүний нөөц дутагдалтай байна. Монгол Улсад одоогийн байдлаар 566 шүүгч ажиллаж буй нь тун хангалтгүй дүн. Гэтэл анхан шатны шүүхэд ирүүлсэн 20 мянга гаруй хэргийн 80 хувь нь аппликэйшний зээлтэй холбоотой асуудал аж. Энэ нь шүүүгчдийн ачааллыг улам нэмэгдүүлж, хүндрэл үүсгэсээр. Тиймээс СЗХ бидэнтэй хамтарч ажиллах байх” гэж хэлсэн. УИХ-ын дарга С.Бямбацогт уржигдар хийсэн мэдэгдэлдээ ч ББСБ-ын аппликейшний зээлийн өндөр хүүг бууруулж, иргэдийн өрийн дарамтыг багасгах шаардлагатайг дурдсан. Ийм зээлийн хүү сарын таван хувиас давж, жилийн 60 хувиас ч хэтэрсэн. Тиймээс салбарынхаа зээлийн хүүд анхаарал хандуулж, хэт хөөрөгдлийг арилгаж чадахгүй байгаа СЗХ-ны удирдлагад хариуцлага тооцох хэрэгтэйг хөндсөн билээ. Цахим технологид суурилсан, хялбар авчихдаг, хүртээмжтэй гэх зээл нь анхаарал татахуйц ноцтой асуудал болчихсон хэрэг. Тэгвэл одоо яах вэ.
ДУНДАЖ ДАВХАРГЫНХНЫ АМЬЖИРГАА МУУДСАНААР ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛ ӨСДӨГ ГЭВ
Эл асуудлыг шийдэх зорилгоор СЗХ-ны өнгөрсөн сарын 21-ний хурлаар ББСБ, аппликэйшний зээлийн сарын хүүгийн дээд хязгаарыг 4.5 хувиас хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Түүнчлэн тус хорооноос “Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 55, 45 болгосон буюу нийт орлогынхоо 45 хувийг өөртөө үлдээдэг байхаар зохицуулсан. Мөн автомашины лизингэд зээл, үнэлгээний харьцааны дээд хязгаарыг 60 хувь болгон, иргэд автомашин худалдан авахдаа үнийн дүнгийн 40 хувийг урьдчилгаанд төлөх үүрэг хүлээлгэсэн. Мөн зээлийн мэдээллийг бодит цагийн горимоор шинэчлэх технологийг нэвтрүүлснээр иргэд богино хугацаанд олон байгууллагаас давхар зээл авч, өрийн дарамтаа нэмэгдүүлэх эрсдэлийг хязгаарласан” гэж мэдээлэв. Бас иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, орлого, зарлагаа бодитоор тооцох, хуримтлал үүсгэх мэдлэг бүхий хөтөлбөрийг Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хичээлд багтаах учиртайг СЗХ болон Монголбанкнаас тайлбарлаж буй. Түүнчлэн хэрэгцээ болон хүслийн ялгаагаа хүн бүр ойлгож сурах, өрхийн төсөв зохиох, өр, орлогын харьцааг тооцох зэргээр санхүүгээ зөв удирдах дадлыг хэвшүүлэх хэрэгтэй юм. Үүнээс гадна хялбар зээлийн эрэлт өндөр байгаа нь эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгож чадаагүй, дундаж давхаргынхны амьдралын чанар муудсан, цалин орлого нь хүрэлцэхээ больсон, инфляц нэмэгдсээр байгаагийн илрэл гэдгийг эдийн засагчид тайлбарласаар байна. Тиймээс макро эдийн засгийн орчны бодит үнэлгээг хийж, бодлогын түвшинд хэрхэн зээлийн хүүг бууруулж, өрийн дарамтыг багасгахад анхаарах учиртайг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, СЭЗИС-ийн багш, профессор Ж.Дэлгэрсайхан ярив. Хэдийгээр финтек зээлийн эрэлт өндөр, ашиглахад хялбар байгаа нь давуу тал боловч, ийм зээлийн хүүгийн дээд хязгаарыг механикаар тогтоож болохгүйг тэрбээр дурдсан. Харин эдийн засгийг сууриар нь шинжилж, банк, санхүүгийн салбарын тогтолцоог эрүүлжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэн, зээлийн эх үүсвэрийн хүүг бууруулахад анхаарч, урт хугацааны ажил төлөвлөх шаардлагатайг онцоллоо. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд одоогоор 578 орчим ББСБ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд хөрөнгийнх нь хэмжээ энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 9.5 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 27 орчим хувиар өссөн дүн аж. Түүнчлэн нийт хөрөнгийнх нь 50-иас дээш хувь томоохон 14 байгуулагад ногдож буйг СЗХ-ны тайланд дурджээ.
С.Дулам