Монголын орчин үеийн уран зохиолын үндэс суурийг тавьсан их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойг тохиолдуулан МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, судлаач Г.Батжавхлантай их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлийн шинэ уншлага, Нацагдорж судлалын өнөөгийн чиг хандлага, Монголын уран зохиолыг олон улсын судалгааны эргэлтэд оруулах боломжийн талаар ярилцлаа.
-Энэ жил их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн наймдугаар сард олон улсын эрдэм шинжилгээний хурал ч боллоо. Та Нацагдорж судлалын өнөөгийн чиг хандлагыг хэрхэн үнэлж байгаа бол?
-Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой бол зөвхөн нэгэн их зохиолчийн алдрыг дурсах үйл явдал биш. Монголын орчин үеийн уран зохиолын эхлэл, хөгжил, судалгааны уламжлалыг эргэн харах чухал боломж юм.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс энэ оны наймдугаар сарын 6-нд “Чингис хаан” үндэсний музейд “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн: Дашдоржийн Нацагдорж” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Монгол болон гадаадын судлаачид оролцож, зохиолчийн намтар, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, нийгмийн шинэчлэл, олон улсын харилцаа, уран бүтээлийн шинэ судалгаа, хэл, утга судлалын асуудлыг хэлэлцсэн. Энэ нь Д.Нацагдоржийг зөвхөн үндэсний уран зохиолын түүхэн дэх байр сууриар нь бус, олон улсын Монгол судлал, харьцуулсан уран зохиолын хүрээнд авч үзэх шаардлага улам бүр нэмэгдэж байгааг харуулсан үйл явдал юм.
Миний хувьд Нацагдорж судлалын цаашдын нэг боломж нь түүний зохиолыг орчин үеийн хүүрнэлийн онолын үүднээс дахин унших явдал. Бид “Хуучин хүү”-г нийгмийн хуучин ба шинэ ёсны зөрчлийн тухай зохиол гэж уншиж ирсэн. Энэ бол түүхэн нөхцөлтэй нь холбоотой үндэслэлтэй уншлага. Гэхдээ өнөөдрийн өнцгөөс өөр асуулт тавьж болно. Хуучин хүү ертөнцийг хэрхэн хүлээн авч байна вэ. Түүний өдөр тутмын дадал, ойлголт, бусдаас хамаарах байдал нь сэтгэлгээний ямар орон зайг бүрдүүлэв. Шинэ зүйлтэй тулгарах үед тэр орон зай хэрхэн өөрчлөгдсөн бэ. Ингэж асуухад зохиолын түүхэн утга арилж байгаа биш, хүний ухамсрын өөрчлөлтөөр дамжин илүү нарийн харагдаж эхэлж байна. Миний судалгааны нэг зорилго нь Д.Нацагдоржийн бүтээлийг түүхэн утгаас нь салгахгүйгээр дүрийн ухамсар, хүүрнэлийн бүтэц, хүний туршлага талаас нь дахин унших явдал юм.
-Сүүлийн хэдэн өдөр цуврал лекц зохион байгууллаа. Энэ цуврал үйл ажиллагааны ач холбогдол чухам юу вэ?
-Судлаач Ч.Жачингийн санаачилгаар зохион байгуулсан цуврал лекцэд МУИС, МУБИС, СЭЗИС, СУИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын зохиолчдын эвлэлийн эрдэмтэн, судлаачид оролцсон нь Нацагдорж судлалын асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэх нөхцөл бүрдүүллээ. Эндээс гурван асуудлыг онцолмоор байна.
Нэгдүгээрт, Ч.Жачин Нацагдорж судлалын бие даасан уламжлал, эх бичиг, гар бичмэл, намтар, уран бүтээлийн судалгааны ач холбогдлыг анхааруулж байгаа нь чухал. Зохиолчийн бүтээлийг тайлбарлахын өмнө эх бичвэрээ нягтлах шаардлагатай. Нэг үг, нэг өгүүлбэрийн хувилбар хүртэл уран сайхны утгыг өөрчлөх магадлалтай. Хоёрдугаарт, С.Байгалсайхан “Д.Нацагдоржийн 1930 оны өгүүллэгүүд: Уламжлал, шинэчлэл, өөрийнсөл” судалгаандаа Д.Нацагдорж уламжлалыг үгүйсгээгүй, харин түүгээр дамжуулан шинэчилснийг тодруулсан. Тухайлбал, уламжлалт эсрэгцүүлэл, тэгш хэмт найруулгыг нийгмийн зөрчил, сэтгэл зүй, егөөдлийн уран сайхны хэрэглүүр болгосныг шинжилжээ. Гуравдугаарт, А.Мөнх-Оргил Нацагдорж судлалын хөгжлийг баримт бичиг, эх сурвалжийн түүхээр авч үзсэн. Түүний илтгэлд Д.Нацагдоржийг орчин үеийн Монголын уран зохиолын анхдагч, үндэслэгч хэмээн үнэлсэн судалгааны уламжлал тодорхой харагдсан.
Эдгээр судалгаа арга зүйн хувьд ялгаатай ч нэгэн чухал зүйлээр нэгдэж байна. Тэр нь Д.Нацагдоржийг зөвхөн түүхэн дурсгал болгон үзэх бус, бүтээл, баримт, уран сайхны шинжээр нь үргэлжлүүлэн судлах шаардлага юм.
-Д.Нацагдоржийг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч хэмээн нэрлэх нь түгээмэл байсан. Гэвч сүүлийн үед “үндэслэгчдийн нэг” гэх тодорхойлолт ч хэрэглээд байх шиг.
-Энд уран зохиолын түүхэн үнэлгээг баримттай авч үзэх хэрэгтэй. Ц.Дамдинсүрэн 1945 онд Д.Нацагдоржийг Монголын шинэ үеийн уран зохиолын анхны алхмыг хийсэн ууган зохиолч хэмээн тодорхойлсон. Харин Оросын монголч эрдэмтэн Л.К.Герасимович 1965 онд Д.Нацагдоржийг БНМАУ-ын орчин үеийн уран зохиолын ихэнх төрөл зүйлийг үндэслэгч гэж үнэлсэн. Энэ баримтыг А.Мөнх-Оргил илтгэлдээ онцолсон нь анхаарал татав. Миний хувьд “үндэслэгч” гэдэг ойлголтыг бусад зохиолч, уран бүтээлчийн хувь нэмрийг үгүйсгэх утгаар хэрэглэх ёсгүй гэж боддог. Харин Д.Нацагдоржийн уран бүтээлд орчин үеийн Монголын уран зохиолын хэд хэдэн үндсэн шинж нэгэн зэрэг төлөвшсөнийг авч үзэх шаардлагатай. Түүний хүүрнэлд хүний дотоод ертөнц, нийгмийн зөрчил, уран сайхны өгүүлэмжийн шинэ хэлбэрүүд илэрдэг. Яруу найрагт нь үндэсний хэлний дүрслэх боломж, хувь хүний сэтгэлийн хөдөлгөөн, ертөнцийг танин мэдэх философийн эргэцүүлэл шинэ түвшинд гарсан. Тиймээс Д.Нацагдорж бол Монголын орчин үеийн уран зохиолын үндэс суурийг тавьсан гол уран бүтээлч мөн гэсэн байр суурь түүхэн ч, уран сайхны ч үндэслэлтэй. Гэхдээ энэ үнэлгээг зөвхөн өмнөх судлаачдын нэр хүндээр батлах бус, зохиолынх нь эх бичвэр, төрөл зүйл, уран сайхны шинэчлэлээр үргэлжлүүлэн нотлох ёстой.
-“Д.Нацагдоржийг ухамсрын хөдөлгөөнөөр унших нь” сэдвээр та лекц уншсан. Энэ нь уран зохиол судлалын уламжлалт аргаас юугаараа ялгаатай юм бэ?
-Уран зохиол судлалд түүхэн, намтар, бүтэц, хэлбэр, тэмдэг зүй, харьцуулсан судлал зэрэг олон арга бий. Тэдгээр нь бие биеэ үгүйсгэдэггүй, харин өөр өөр асуултад хариулдаг. Сүүлийн хэдэн арван жилд олон улсын судалгаанд хүүрнэлийн онол буюу нарратологи, танин мэдэхүйн буюу когнитив судлалын чиглэлүүд эрчимтэй хөгжиж байна. Эдгээрийн нэг чухал асуудал нь зохиолын дүрийг зөвхөн юу хийснээр нь бус, юуг хэрхэн мэдэрч, ойлгож, дурсаж, төсөөлж байгаагаар нь шинжлэх явдал юм. Бид зохиолын дүрийг сайн, муу, эерэг, сөрөг гэсэн тогтмол ангиллаар тайлбарлах нь түгээмэл. Гэвч хүний ухамсар тийм хөдөлгөөнгүй зүйл биш. Хүн ямар нэг зүйлийг харна, сонсоно, мэдэрнэ. Түүнийгээ өмнөх мэдлэг, дурсамж, хүсэл, айдастайгаа холбон ойлгоно. Дараа нь шийдвэр гаргаж, үйлдэл хийнэ. Тэр үйлдлийн үр дүн өөрийнх нь болон бусдын ойлголтыг өөрчилж болно. Энэ бол ухамсрын хөдөлгөөний энгийн нэг жишээ юм. Уран зохиол ийм хөдөлгөөнийг үг, дүрслэл, үйл явдал, цаг хугацаа, орон зай, дүрүүдийн харилцаагаар бүтээдэг. Би энэ чиглэлээр Английн судлаач Алан Палмерын дүрийн ухамсрын тухай судалгаа, Моника Флудерникийн хүүрнэлийн туршлагын онол, АНУ-ын судлаач Лиза Зуншайны бусдын сэтгэлгээг ойлгох танин мэдэхүйн судалгаа, Италийн судлаач Марко Караччологийн хүүрнэл ба туршлагын талаарх бүтээлийг уншиж, харьцуулан судалж байна. Тухайлбал, Палмерын судалгааны нэг чухал санаа нь зохиолын дүрийн ухамсрыг зөвхөн дотоод бодол, сэтгэлийн монологоор хязгаарлаж болохгүй гэсэн асуудал юм. Дүрийн үйлдэл, зан төлөвийн тогтвортой хандлага, бусадтай харилцах харилцаа ч ухамсрын дүрслэлийг ойлгоход чухал. Энэ санааг Монголын зохиолд хэрэглэж үзэхэд сонирхолтой үр дүн гарч болох юм. Гэхдээ миний зорилго Палмерын онолыг зөв гэдгийг Д.Нацагдоржийн зохиолоор батлах явдал биш. Харин Монголын зохиолын дүрийн ухамсрын дүрслэл тухайн онолын ямар асуудлыг тодруулж, шинэ ямар асуулт тавьж болохыг судлахыг хүссэн. Өөрөөр хэлбэл, зохиол онолд таарах ёстой биш. Харин онол зохиолын өмнө өөрийн боломж, хязгаарыг шалгуулах учиртай гэж үзээд байгаа юм.
-Таны шинжилгээнд “Харанхуй хад” өгүүллэг онцгой байр эзэлдэг. Энэ зохиолын талаарх уламжлалт тайлбараас өөр ямар асуудал дэвшүүлж болохоор байв?
-“Харанхуй хад”-ыг зөвхөн нэгэн сонин явдал, учир битүүлэг орон зайгаар хязгаарлаж уншвал уран сайхны байгууламжийнх нь чухал хэсгийг орхигдуулж мэднэ. Миний анхаарлыг татдаг зүйл бол хүүрнэгчийн гадаад аялал, дотоод хөдөлгөөн хоёрын харилцаа юм. Инагийн тухай дурсамж, өнгөрсөн цагийн сэргэлт, төсөөлөл, эргэлзээ зэрэг нь хүүрнэгчийн туулж буй орон зайг өөрчилж байна. Өөрөөр хэлбэл, зохиолд хоёр төрлийн орон зай давхарлан оршдог. Нэг нь дүрийн биеэр туулж буй гадаад орон зай. Нөгөө нь дурсамж, төсөөлөл, сэтгэлийн хөдөлгөөнөөр бүрэлдэх дотоод орон зай. Энэ хоёрын зааг заримдаа бүдгэрдэг. Хүний бие нэгэн тодорхой орон зайд оршиж байхад ухамсар нь өнгөрсөн цагт эргэн очиж, төсөөллийн өөр ертөнцөд шилжиж болдог. Энэ бол хүүрнэлийн цаг хугацаа, орон зайн зохион байгуулалттай холбоотой. Тэгэхээр “Харанхуй хад” бол зөвхөн газар орны тухай өгүүлэмж биш. Хүний ухамсар бодит байдлыг хэрхэн хүлээн авч, өөрийн дурсамж, төсөөллөөр дахин бүтээдэг тухай асуулт дэвшүүлж болох зохиол юм. Энд нэг зүйлийг зориуд онцолмоор байна. Зохиолчийн цорын ганц санааг олж тогтоосон хэрэг биш. Харин зохиолын эхэд тулгуурлан дэвшүүлж буй шинжилгээний тайлбар, цаашид шалгах шаардлагатай таамаг юм. Ийм уншлага нь Д.Нацагдоржийн хүүрнэлийн орон зай, цаг хугацаа, дүрийн ухамсрын зохион байгуулалтыг шинэ өнцгөөс судлах боломжийг нээж байна.
-Та Д.Нацагдоржийн хүүрнэл зохиол төдийгүй шүлэг, яруу найргийг ухамсрын хөдөлгөөнөөр тайлбарлаж байгаа. Ялангуяа сарны тухай хоёр шүлгийг харьцуулсан нь сонирхолтой санагдсан.
-“Тэргэл сарыг үзэхүй” шүлгийн эхэнд
Төмөр сараалжны завсраар
Тэмүүлэн энэ орой ширтэнэ...
гэсэн дүрслэл бий. Энд хүний биеийн орон зай хязгаарлагдсан боловч ухамсрын хөдөлгөөн хязгаарлагдаагүй. Төмөр сараалжны цаанаас харсан сар шүлгийн өгүүлэгчийн дурсамжийг сэргээж, хайртай хүний дүрийг сэтгэлд нь ойртуулдаг. Гадаад ертөнцөд сар л харагдаж байгаа боловч дотоод ертөнцөд өнгөрсөн цаг, хайр, хагацал, хүсэмжлэл зэрэг олон хөдөлгөөн өрнөж байна. Харин 1933 оны “Сар аа!” шүлэгт сарны хязгааргүй хөдөлгөөн, хүний эрх чөлөөний асуудал илүү тод философийн шинжтэй болж ирдэг.
...Хөдлөх явах эрх чөлөө чинь хэмжээ үгүй
хэмээсэн мөрийг анзаарахад сар нь байгалийн биет төдий бус, эрх чөлөөний тухай хүний хүсэмжлэлийг тусгах дүр болж байна. Миний уншилтаар энэ хоёр шүлэгт сарны дүр өөр өөр үүрэг гүйцэтгэдэг. “Тэргэл сарыг үзэхүй”-д сар дурсамжийг хөдөлгөж, “Сар аа!”-д сар эрх чөлөөний тухай эргэцүүллийг өдөөсөн. Энд зохиолчийн амьдралын түүхэн нөхцөл байдлыг орхигдуулж болохгүй. Д.Нацагдорж 1931 оны өвөл баривчлагдаж, 1932 оны хавар суллагдсан тухай намтар судлалын баримтууд бий. Түүнчлэн тухайн үед гадагш зорчих боломж нь хязгаарлагдсан тухай судлаачид тэмдэглэсэн. Эдгээр нөхцөлийг эх сурвалжтай нь тулган авч үзвэл “Сар аа!” шүлгийн эрх чөлөөний тухай дүрслэл улам гүн утгатай уншигдаж болох юм. Биеэрээ хүрч чадахгүй алс орон зайд сар чөлөөтэй зорчиж байна. Харин хүн түүнийг харж, өөрийн хүсэл тэмүүлэл, дотоод шаналлаа түүнд хандан илэрхийлжээ. Энэ бол миний дэвшүүлж буй нэгэн тайлал юм. Хоёр бүтээлийг холбогч гол зүйл нь хүний ухамсар өөрийн оршин буй орон зайн хязгаарыг даван тэлэх хөдөлгөөн гэж үзэж болно.
-“Нар аа!” шүлгийг нь гаднаасаа байгалийн тухай мэт боловч цаанаа хүний тухай далд өгүүлэмжтэй байж болох юм гэж та тайлбарласан. Энэ санаагаа дэлгэрүүлэхгүй юү?
-Энэ шүлгийг анх уншихад байгалийн гэрэл, улирлын хувирал, амьдралын баяр баяслыг магтан дуулсан бүтээл мэт. Гэвч анхааралтай уншихад нэг сонирхолтой асуулт гарч ирдэг.
Д.Нацагдорж “...Ертөнц бүхэн чам дор мянга мянган баярыг хүргэнэ” хэмээн бичжээ. Энд нарны гэрэл ертөнцийн амьдралыг тэтгэж, бүхэнд хүрч буй дүрслэл бий. Харин дараа нь “... Хэрвээ чи гэгээн гэрлээ хураан авбаас тэдгээрээс ямар ямар өнгө сүүмэлзэх бол” хэмээн асуусан байдаг. Миний анхаарлыг татдаг нь энэ асуулт юм. Нарны гэрэлд бүх юм өнгөтэй, үзэсгэлэнтэй харагдана. Харин гэрлийг нь хураавал тэдгээрийн өнгө, төрх хэрхэн өөрчлөгдөх вэ. Энэ бол байгалийн үзэгдлийн тухай асуулт мөн. Гэвч хүний ертөнцийн тухай ёгт утгаар унших боломж ч энд бий. Хүний гаднах төрх, түүний дотоод мөн чанар заавал давхцахгүй. Хүний зан төлөвийн олон янзын илрэлийг Феофраст “Зан авир” бүтээлдээ ажиглан тодорхойлсон байдаг. Гэрэлд үзэсгэлэнтэй харагдах бүхэн түүнийг үгүй болоход мөн адил байх уу. Бидний сайн сайхан хэмээн итгэж буй зүйлсийн цаана өөр ямар өнгө, ямар мөн чанар нуугдаж байж болох вэ. Тиймээс би энэ шүлгийн ил өгүүлэмж нь нар, харин далд өгүүлэмж нь хүн байж болох юм гэсэн таамаг дэвшүүлсэн. Тухайн үеийн нийгмийн нөхцөл, зохиолчийн амьдралын ээдрээтэй явдлуудтай холбон уншихад энэ асуулт улам сонирхолтой болж байгаа юм. 1933 он гэхэд Д.Нацагдорж хүний харилцаа, эрх мэдэл, хориг хязгаарлалтын хүнд нөхцөлийг туулж байсан. Тиймээс нарны гэрлийн тухай асуултыг хүний гаднах дүр төрх, дотоод мөн чанарын зөрчилтэй холбон унших боломжтой гэж бодож байна. Уран зохиолд далд утга зарим тохиолдолд зохиолчийн хувь тавилантай холбогддог. Тэр утга заавал шууд мэдэгдэл хэлбэрээр илэрдэггүй. Заримдаа байгалийн дүрслэл, асуулт, зүйрлэл, эсрэгцүүллийн цаана нуугддаг. Тийм уран сайхны илэрхийлэл шаардах цаг үеийн нөхцөл ч байж болно.
Энэ үүднээс “Нар аа!” шүлэгт хүн төрөлхтөн өөрийн дотоод мөн чанарыг эргэн харах ёстой гэсэн анхааруулга уншигдаж болох юм. Мөн “Сар аа!”, “Нар аа!” гэсэн хоёр гарчгийн анхаарлын тэмдэг миний сонирхлыг татдаг. Аль аль нь байгалийн биетэд хандсан дуудлага боловч тэр дуудлагын цаана хүний хүсэл, эргэцүүлэл, асуулт нуугдаж байж болох юм. Гэхдээ анхаарлын тэмдэг дангаараа далд утгыг нотлохгүй. Харин шүлгийн бусад дүрслэлтэй холбон шинжлэх нэгэн сонирхолтой шинж тэмдэг гэж үзэж байна. Энд зохиолчийн санаа, бичвэрийн илэрхийлж болох боломж, өнөөдрийн уншигчийн тайлбар гурвыг ялгах ёстой. Миний дэвшүүлж буй энэ тайлал бол эцсийн дүгнэлт биш. Харин эх бичвэр, түүхэн нөхцөл, уран сайхны дүрслэлийг харьцуулан цаашид нягтлах судалгааны нэгэн асуудал юм.
-Та Алан Палмер, Моника Флудерник, Лиза Зуншайн, Патрик Колм Хоган, Марко Караччоло зэрэг олон улсын судлаачдын бүтээлийг судалж, заримтай нь харилцаж байгаа. Үүний эцсийн зорилго нь юу вэ?
-Бид дэлхийн уран зохиолын онолыг зөвхөн суралцаж эзэмших, Монголын зохиолд хэрэглэж үзэх төдийхнөөр ойлгож болохгүй. Миний хувьд нэг асуулт улам бүр чухал болж байна. Тэр нь “Монголын уран зохиол өөрөө дэлхийн уран зохиолын онолд ямар шинэ асуулт тавьж чадах вэ” юм. Энэ асуулт судалгааны харилцааг нэг чиглэлтэй бус, хоёр талтай болгоно. Бид Алан Палмерын дүрийн ухамсрын тухай онолыг судалж болно. Гэхдээ түүний санааг Монголын зохиолоор зөвтгөх гэж оролдохын оронд манай зохиолын өвөрмөц туршлага тухайн онолын ямар боломж, хязгаарыг илрүүлж байгааг асуух ёстой. Үүнтэй адил Флудерникийн хүүрнэлийн туршлага, Зуншайны бусдын сэтгэлгээг ойлгох үйл явц, Караччологийн хүүрнэл ба уншигчийн туршлагын тухай судалгааг Монголын зохиолтой харьцуулж болно. Тухайлбал, Патрик Колм Хоганы хүүрнэлийн нийтлэг сэтгэл хөдлөлийн бүтэц, соёлын өвөрмөц илэрхийллийн тухай судалгааг Монголын зохиолтой харьцуулбал соёл хоорондын нийтлэг зүй тогтол, үндэсний уран сайхны туршлагын ялгааг шинжлэх сонирхолтой боломж нээгдэнэ. Энэ бол онолыг зүгээр хэрэглэж байгаа хэрэг биш. Онолтой харилцан ярилцах, түүнийг зохиолын бодит эхээр шалгах, шаардлагатай бол хөгжүүлэх оролдлого юм. Ингэхийн тулд эх зохиолын сайн орчуулга, нарийн шинжилгээ, олон улсын эрдэм шинжилгээний харилцаа гурав зайлшгүй шаардлагатай. Монголын уран зохиол дэлхийн онолын судалгааны зөвхөн объект байгаад зогсохгүй, онолын шинэ асуудал дэвшүүлэх мэдлэгийн эх сурвалж болох боломжтой. Үүнийг нэгэнт биелсэн үр дүн гэж бус, цаашид судалгаагаар нотлох ёстой зорилт гэж найдаж байна.
-Их зохиолчийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд ном, сэтгүүл гаргаж, хурал, лекц гээд олон арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ бүхнээс цаашид ямар бодит үр дүн үлдэх ёстой юм бол?
-Ойн үйл ажиллагааны үнэ цэнийг зөвхөн хэдэн хурал зохион байгуулж, хэдэн илтгэл хэлэлцүүлснээр хэмжих нь учир дутагдалтай. Тэр бүхнээс шинэ ямар баримт илэрсэн, ямар асуудал дэвшүүлсэн, судалгааны ямар арга зүй хөгжсөн, ямар бүтээл олон улсын уншигчдад хүрсэн гэдгээр нь үнэлэх хэрэгтэй. Нацагдорж судлалд өмнөх үеийн эрдэмтдийн бүтээсэн үнэтэй уламжлал бий. Эх бичиг судлал, намтар судлал, түүхэн судалгааны тэр суурин дээр өнөөдрийн онолын шинэ уншлагууд хөгжих ёстой. Миний хувьд “Д.Нацагдоржийг ухамсрын хөдөлгөөнөөр унших нь” гэсэн судалгааны чиглэлээ үргэлжлүүлж, түүний хүүрнэл ба яруу найргийн уран сайхны байгууламжийг харьцуулан шинжлэхийг зорьж байна. “Улирал ба зохиолч” сэтгүүлийн тусгай дугаарыг бэлтгэх явцад Монголын болон олон улсын судлаачдын үзэл санааг нэгэн талбарт уулзуулахыг хичээлээ. Цаашид энэ харилцааг тодорхой зохиолын сайн орчуулга, эх бичвэрт тулгуурласан шинжилгээ, харьцуулсан судалгаа, олон улсын эрдэм шинжилгээний хэлэлцүүлгээр үргэлжлүүлэх шаардлагатай. Гэхдээ олон улсын нэр хүндтэй эрдэмтдээс магтаал, зөвшөөрөл авах нь бидний зорилго байж болохгүй. Харин тодорхой бүтээлийн тухай санал зөрөлдөж, тайлбаруудаа харьцуулж, онолын боломж, хязгаарыг бодит эх бичвэрээр шалгаж чаддаг эрдэм шинжилгээний харилцаа чухал. Бид дэлхийн уран зохиолын онолыг Монголд хэрхэн авчрах вэ гэж асууж ирсэн бол одоо Монголын уран зохиолыг дэлхийн онолын хэлэлцүүлэгт хэрхэн оруулах вэ гэсэн асуултыг түүнтэй эн зэрэгцүүлэн тавих цаг болсон. Энэ утгаараа Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой бол зөвхөн өнгөрсөн түүхээ эргэн дурсах үйл явдал биш. Их зохиолчийн бүтээлд өнөөдөр ямар шинэ асуулт тавьж болох, тэр асуултаар дамжуулан Монголын уран зохиолын танин мэдэхүйн баялаг боломжийг хэрхэн нээх тухай эргэцүүлэх онцгой учрал юм. Д.Нацагдоржийн уран бүтээл өнгөрсөн зууны утга зохиолын түүхэнд хамаарна. Харин түүний бүтээлээс төрөх асуултууд өнгөрсөн зуунд үлдээгүй.
Их зохиолчийн өвийг хүндэтгэх хамгийн үр өгөөжтэй арга бол нэгэнт тогтсон үнэлгээг давтан хэлэх бус, бүтээлийг нь дахин уншиж, шинэ мэдлэг бүтээх явдал юм. Эцсийн эцэст уран зохиолын хөгжил гэдэг нь зөвхөн шинэ бүтээл төрөхийн нэр биш. Хүнийг ойлгох бидний мэдлэг, мэдрэмж, сэтгэлгээний боломж улам гүнзгийрэхийн нэр билээ. Тиймээс Монголын уран зохиолыг олон улсын түвшинд гаргах асуудал бол юуны өмнө түүнийг тэр түвшинд уншиж, шинжилж, тайлбарлаж, улмаар дэлхийн судлалд өөрийн шинэ асуултыг тавьж сурах явдал юм.