Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох бүрэн эрхтэй гэж Эрчим хүчний тухай хуульд заасан байдаг. Хуулиар олгосон энэ эрхийн хүрээнд салбарын сайдын тогтоосноор жил бүрийн есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 1 хүртэлх хугацааг халаалтын улирал гэж үзэж буй. Тодруулбал, орон сууцын зориулалттай барилга, байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг есдүгээр сарын 15-наас, аж ахуйн нэгж, байгууллагынхыг аравдугаар сарын 1-нээс өгч эхэлдэг бөгөөд дараа оны тавдугаар сарын 1-д нэгдсэн байдлаар зогсоодог билээ. Одоо үйлчилж буй дулаан хангамжийн “хуанли”-гаар Улаанбаатар хотод халаалтын улирал эхлээд хэдийн хоёр сар орчмын хугацаа өнгөрчээ. Гэтэл нийслэл дэх орон сууцын зарим конторынхон хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үүргээ биелүүлэхгүй, халаалтаа хугацаанд нь өгөхгүй оршин суугчдаа зутрааж, зүдрээсээр байна.
“Алтай” хотхоны оршин суугч Н “Манайх сар гаруйн хугацаанд халаалтгүй байгаад 10-аад хоногийн өмнөөс л дулаанд холбогдсон. Орон сууцын айлуудыг нэгдсэн байдлаар дулаанаар хангаж эхэлсэн үеэс конторынхоо инженер, ажилтнуудад дуудлага, мэдээлэл өгч, халаалтгүй байгаагаа хэлсэн. Сантехникч, инженер гэх хүмүүс тухай бүрд гэрт ирж, паарнаас олон удаа хий авсан ч нэмэр болоогүй. Ингээд аргагүйн эрхэд Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасан. Хорооныхон шаардлагатай зүйлсийг биднээс тодруулж, мэдээлэл авсны дараа хэрэглэгчийн гомдлыг шуурхай шийдвэрлэх үүргийг орон сууцын конторт өгсөн юм билээ. Үүний дараа конторынхон маш шуурхай арга хэмжээ авсан. Өмнө нь “Халаалт өгч эхлэх үед ийм доголдол гардаг. Их хэмжээний хий хуримтлагдчихаар халдаггүй. Ялангуяа байрны дээд давхрын айлуудад ийм асуудал түгээмэл тохиолддог” гэхчлэн тоомжиргүй хандаж байсан хүмүүс дээд шатны холбогдох байгууллагаас нь шаардлага тавьсны дараа “Техникийн гэмтэл гарсан байсныг нь засаж, хэвийн болголоо” гэсэн. Орон сууцын контороос Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн мэдээлэлд “Хан-Уул дүүрэг дэх 237 дугаар Ус, дулаан дамжуулах төвийн нэмэлт усны насос (хийн шахуурга)-ны үл буцах клапан гацаж, даралтын алдагдал үүссэн байсныг засаж хэвийн болгон, халаалтыг жигдрүүлж, гомдлыг барагдуулсан” гэж бичсэн байсан. Гэмтэл үнэхээр гарсан, эсэхэд эргэлзсэн. Орон сууцын конторынхон манай байрны дулааныг зориудаар хязгаарласан байж болзошгүй” гэсэн юм.
Тэрбээр хотхоныхоо оршин суугчдын фэйсбүүк бүлгэмд халаалттай холбоотой мэдээлэл оруулахад ижил асуудалтай айл цөөнгүй байж. Хөрш зэргэлдээхээс эхлээд өөр байрныхан нь ч ийм зовлон ярьжээ. Гэвч тэдний хэн нь ч түүн шиг зохих шатны байгууллагад гомдол гаргаж, үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлээгүй аж. Тэгсэн хэрнээ бүгд халаалтын улирлын эхний сарын мөнгөө бүрэн гүйцэд төлсөн байжээ. Үүнээс үүдээд тэрбээр “Айл өрхүүд яагаад хэрэглээгүй дулааныхаа мөнгийг төлөх ёстой вэ” гэсэн өөр нэг асуултад хариулт олох эрэлд гарчээ. Энэ асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороонд хандахад “Орон сууцны контортойгоо учраа ол” гэсэн утга агуулга бүхий хариу өгчээ. Харин орон сууцын контор нь “Ихэнх хуучин болон энгийн орон сууцын айл өрхүүд тусгай тоолуургүй тул тухайн байрны ам метрээр нь дулааны төлбөрийг тооцож авдаг. Тэгэхээр таны төлөх төлбөр ямар ч үед өөрчлөгдөхгүй” гэсэн байна. Ингээд Н ижил гомдолтой бусад оршин суугчийн адил дулааны төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөхөөс аргагүйд хүрчээ.
Жилийн жилд халаалтын улирал эхлэх үед дулаан хангамжтай холбоотой ийм асуудал орон сууцын хотхон, хорооллын айл өрхүүдэд нийтлэг тохиолддог. Тэгвэл энэ болгонд хэрэглэгч ямар нэг байдлаар хохирч байдаг аж. Үүнийг дээрх жишээнээс харж болно. Уг нь хэрэглээгээрээ буюу ашигласан дулааны хэмжээгээрээ төлбөр төлөх нь зах зээлийн шударга зарчим. Харин манай улсад орон сууцын айл өрхүүдийн дулааны хэрэглээг барилга, байгууламжийнх нь талбайн хэмжээгээр тооцдог учраас халаалт хэр зэрэг буй, хэчнээн хоног доголдож тасарснаас үл хамаараад хэрэглэгчээс тогтмол дүнгээр төлбөр нэхэмжилдэг. Орон сууцын инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох конторынхон энэ сул тал дээр нь дөрөөлөн хэрэглэгчийг “монжиж”, хохироодог байж болзошгүй дүр зураг харагдаж буй юм.
Тухайлбал, орон сууцын конторууд (ОСНААУГ-ын болон хувийн) нь дулааны эрчим хүч үйлдвэрлэгч болон хэрэглэгчийн хооронд дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Ингэхийн тулд Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч, холбогдох хууль, журмын хүрээнд үүрэг хүлээдэг. Хамгийн гол үүрэг нь хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах. Өөрөөр хэлбэл, төвлөрсөн хангамжаас нийлүүлж буй дулааныг айл өрхүүдэд хэвийн хүргэх нь тэдний гол ажил. Гэвч үүнийг хатуу хянаж, нарийн тооцох систем байдаггүй, айл өрхүүд хэрэглээгээрээ бус, тогтмол тарифаар ямар ч тохиолдолд төлбөр төлдөг учир орон сууцын конторынхон ажилдаа хариуцлагагүй, хайнга ханддаг бололтой. Магадгүй иргэд халаалт доголдсонтой холбоотой гомдол, мэдээллээ зохих байгууллагад тухай бүрд нь гаргадаг, эсвэл дулааныг цаг хугацаанд хэвийн нийлүүлж буй, эсэхээс нь хамаараад энэ чиглэлийн байгууллагын ажлыг үнэлж дүгнэдэг бол тэд арай өөр түвшинд хариуцлага үүрэх байсан болов уу. Хэрэглэгчийг зүдрээж зүдрээчхээд, дээд байгууллагынхан нь бангадангуут “Техникийн гэмтэл гарсан байсныг илрүүлж заслаа” хэмээн хэнэггүйтэхгүй нь лавтай.
Орон сууцын конторууд төвлөрсөн системээс нийлүүлж буй дулааныг хэрэглэгчдэд түгээхдээ хэрэглээг нь хязгаарлах байдлаар дундаас нь ашиг олдог тухай элдэв яриа байдаг. Эрчим хүчний зохицуулах хороо энэ асуудалд “Дулаан хэмнэж, дундаас нь шууд ашиг олох боломж техникийн болон төлбөр тооцооны хувьд маш хязгаарлагдмал. Конторууд дамжуулах үүрэг гүйцэтгэдэг тул тэдний орлого, зарлага нь тусгай зохицуулалттай байдаг. Төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнээс тухайн байрны дулааны зангилаа (узель) дээр ирж буй усны хэм, даралтыг түгээх сүлжээний компаниас байнга хянаж, тоолуураар бүртгэдэг” гэсэн юм. Гэвч зарим тохиолдолд хяналтаас гадуур ашиг олох боломжтойг зарим мэргэжилтэн хэлж байна. Тухайлбал, ихэнх орон сууцын барилга, байгууламжид төвлөрсөн сүлжээтэй холбогддог нэгдсэн ганц тоолуур байдаг аж. Энэ тохиолдолд контор тухайн байрны нийт хэрэглээний төлбөрийг тоолуурын заалтаар эрчим хүч нийлүүлэгч байгууллагад төлөөд, оршин суугчдаас ам метрээр нь тооцон хурааж авдаг юм байна. Харин дулааны узель дээрх хаалтын тохиргоог өөрчилснөөр дулаан нийлүүлэгч байгууллагад бага мөнгө төлж, оршин суугчдаас талбайн хэмжээгээр бүтэн төлбөр авах боломжтой гэнэ. Ингэснэр алдагдал нөхөх, ашиг олох “цоорхой” бий болдог ажээ. Тэрчлэн контор зардлаа хэмнэх үүднээс өөрсдийн хариуцдаг шугам сүлжээний засвар үйлчилгээ, угаалга, тохируулгыг дутуу хийх, барилгын нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, оффис зэрэг тоолууртай, өндөр тарифтай аж ахуйн нэгжүүдийн хэрэглээг айл өрхийнх рүү шилжүүлж тооцох, дулаан нийлүүлэх тохиргоог алдагдуулах зэргээр хэрэглэгчдийг монжих арга сүвэгчилдэг гэнэ. Энэ нь эцсийн дүндээ айл өрхүүдийг л хохироож, бусдын өмнөөс хариуцлага үүрэхэд хүргэдэг. Дээр жишээ болгож дурдсан тохиолдолд гэхэд орон сууцын конторынхон айл өрхүүдийн халаалтыг хязгаарлах байдлаар дундаас нь цавчаа хийсэн байж болзошгүй юм. Оршин суугчид нь ч ингэж хардаж буй.
Дулааны эрчим хүчний салбар дахь энэ хийдлийг цэгцэлж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилготой Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан өргөн барьсан ч парламент дэмжилгүй унагасан. Дулаан хангамжийн бодлогыг шинэчлэх, тарифын тогтолцоог өөрчлөх шаардлагатай нь маргаангүй үнэн ч үүнийг шийдэхийн тулд заавал шинэ хууль баталж, тусад нь тоолуур суурилуулах хэрэггүйг инженерүүд хэлж байна. Технологийн талаас олон шийдэл, боломж бий аж. Тэгэхээр салбарын яамныхан, Эрчим хүчний зохицуулах хорооныхон л хэрэглэгчийг хохироодог тогтолцоогоо өөрчлөхийн төлөө “хичээл зүтгэл” гаргах шаардлагатай болж байна. Цахилгаан, дулааны төлбөр жил дараалан нэмэгдсэн, иргэдийн ахуй амьжиргааны түвшин шалдаа буусан энэ үед халамжийн элдэв бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэхээс илүү суурь хэрэглээний зардлыг илүү бодитоор тооцдог болох нь юу юунаас илүү амьдралтай шийдвэр юм.
Н.Гантиг