Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийж буй судлаач Б.Баярбаттай ярилцлаа.
-Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын талаар судалгаа хийж, баримт, материал цуглуулдаг хүний хувьд энэ талаарх таны байр суурийг сонсъё.
-Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, мөн хуулийн 17.4-т “Эх орноо хамгаалах” гэж заасан байдаг.
Иргэн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, үзэл бодол, албан тушаал, шашин шүтлэг боловсрол үл харгалзан төрийн дор амьдарч, түүнийгээ дээдлэн хүндэтгэж явах нь жам ёсны асуудал. Муу төр гэж байхгүй. Харин хариуцсан ажилдаа чадваргүй, сэтгэлгүй, төрийн үйл ажиллагаа, бодлогыг муу хэрэгжүүлж буй хувь хүн л гэж бий. Миний хувьд ямагт төрийнхөө он цагийн түүхэн уламжлалыг дээдлэн амьдардаг. Тодорхой цаг хугацаанд улсынхаа болон гадаад орнуудын түүх, нийгэм, улс төрийн бодлогын өрнөл, тэдгээрийн шалтгаант холбоог судалж, хуулиар хориглоогүй, нийтэд нээлттэй мэдээлэл, баримт агуулсан ном, баримт материалыг үзэж, өөрийн үнэлэлт, дүгнэлтийг хийдэг. Хүн нэг баримт бус, нэлээн олон материал үзэж, судлаад өөрийн үзэл бодол, дүгнэлтээ илэрхийлэх нь зүй ёсны зарчим. Мэдэхгүй зүйлээ мэддэг гэж ярих нь зөв зүйл биш. Баримтад тулгуурлаж олон эх сурвалжаар шалгах ёстой.
Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах бодлогыг Их Монгол Улсын үеэс, бүр тодорхой хэлбэл, Чингис хааны төрийн хар хайрцгийн бодлогоос эхлэх ёстой юм байна. Аливаа орныг төрмөл авьяас, өгөгдөлтэй, хувийн эрх ашгийг үл огоорсон хүн удирдахад жижиг улс ч хүчирхэг болдгийг түүхэн үйл явдлууд харуулж ирсэн. Монгол орон дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын хүйтны туйл болох Сибирийн агаар, Төв Азийн дулаан хуурай агаарын зааг, уулзварт оршдог. Газар зүйн болон геополитикийн хувьд маш таатай байрлал. Энэ бол тусгаар тогтнолын эсрэг гаднын нөлөөлөл, дайсагнал, түрэмгийллээс мөнх тэнгэрийн ивээл, заяа буянаараа хамгаалагдсан гэсэн үг. “Халхын заяа их” гэдэг хэлц үг ч учиртай юм. Үндэсний аюулгүй байдлын тухайд дотооддоо ард түмнээ хэрхэн хамгаалах нь чухал. Манай улс амаргүй цаг үеийг туулж байгаа. Гэхдээ нийгэмд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж буй зүйл бол тодорхой далд зорилготойгоор, энгийн байдлаар хүмүүсийн хэрэглээ хэлбэрээр гадаадад бүтээж олон улсад нэвтэрсэн төрөл бүрийн цахим бүтээгдэхүүний үр дагавар байх боломжтой. Өөрсдийн бүтээсэн, магадгүй гаднаас “хоол”-ыг нь өгдөг цахим хэрэглээний хяналтгүй байдал гэх “мангас”-ыг одоо л устгахгүй бол төрийг ард түмэнтэй нь дуртай үедээ сонгож “иддэг” л болох байх. Өөрөөр хэлбэл, цахим хэрэглээг хяналтгүй байлгаснаар бид бусдад амархан хоол болно гэх юм уу.
ХҮЧТЭЙ ТӨРИЙН ЦААНА ХҮЧТЭЙ АРД ТҮМЭН Л ОРШИН ТОГТНОНО
-Ер нь тусгаар тогтнолын үнэ цэнийг төдийлөн ойлгохгүй, ач холбогдол өгдөггүй хүн цөөнгүй байх шиг. Тэдний ухамсрыг яаж эх орноо гэсэн сэтгэлээр сэрээх ёстой юм бол?
-Тийм хүн мэр сэр байх магадлалтай. Эсвэл далд хэлбэрээр үл хүсэх нөлөөлөлд орсныг ч үгүйсгэхгүй. Улсынхаа мандан бадарч, доройтон суларч байсан түүхийг мэдэхгүй хүмүүс гарч ирсэн нь цаашид эх орны үнэ цэнийг ойлгохгүй байх талтай. Чингис бидний хаан байсан гэдгээс хэтрэхгүй хүн цөөнгүй болсон. Бид их Эзэн хаан, түүний үр хойчсын байгуулсан улс, гүрнийг сайтар судалж, ирээдүй үедээ таниулах нь зүй ёсны хэрэг. Түүний зэрэгцээ 1661-1921 онд ямар урт хугацаанд харь улсын түрэмгийлэл, эрхшээлд явж ирснийг ч залууст заавал ойлгуулах ёстой. Ингэж байж тусгаар тогтнол эх орныхоо төлөө цохилох зүрх гэж юу болохыг танин мэдэх юм. Хүн бүр олон ургальч үзэл гэж ярих ч аль цаг үед, ямар зүйлд дээр зарчим нэгдэх ёстой гэдгээ мэддэггүй. Эх орныхоо язгуур ашиг сонирхлын төлөө бүгд нэгдэж чадвал улс орон том жижиг гэлтгүй хүчирхэг болдог юм байна. Өмнөд Солонгосын түүх үүний тод жишээ.
Манайд ч ялгаагүй тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдэрч, улс орноо жолоодож байсан хүмүүс бий. 1990-ээд оноос өмнөх үеийн нам, төрийн удирдагч нарын дунд Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө амь, биеэ үл хайрлан тэмцэж, тулалдаж явсан, амьдралын арвин туршлагатай хүн олон байсан. Тийм учраас эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг маш сайн ойлгодог, хэн бидний дайсан, аль нь нөхөр болохыг таньж байж гэж харагддаг. Түүхийн нугачаанд өөрийн улсын бодит чадал, гадаадын түрэмгийллээс дангаараа эх орноо хамгаалж чадахгүй, бодит боломж хязгаарлагдмал гэдгийг мэдэж байсан учир өвөг дээдэс маань асар ухаалаг бодлого баримталж иржээ. Энэ бүхнээс үзэхэд үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хүчирхэг удирдагч, сэргэлэн тархи, халуун зүрх, цэвэр ариун гараар хамгаалдаг юм байна гэсэн бодол надад төрсөн.
Бид гадаад, дотоодын олон шилдэг эрдэмтэн, судлаачийн гавьяагаар өнгөрсөн түүхээ боломжийн хэмжээнд судалж ирсэн. Тиймдээ ч Чингис хааны байгуулсан Монголын Эзэнт гүрний хүрсэн геополитикийн чиглэлийн арвин их судалгаатай боллоо. Энэ бүхнийгээ дахин гүнзгийрүүлж судлаад монгол сэтгэлгээний томьёоллыг нухацтай тогтоон, хамгаалж, эх оронч хүмүүжилтэй залуусыг бэлтгэх хэрэгтэй. Эх орноо гэсэн сэтгэлтэй, хүмүүжилтэй залуус ирээдүйд хүчтэй төрийг бий болгоно. Хүчтэй төрийн цаана хүчтэй ард түмэн л оршин тогтноно шүү дээ. Өнөөгийн бидний амьдран буй Монгол нутагт монгол хүн үеийн үед оршсоор л байх нь дамжиггүй.
-Өнгөрсөн түүхээс үзэхэд улс орны тухайн үеийн удирдагчид гарцаагүй байдалд орсон болов уу гэж санагдах зүйл бий. Тухайлбал, автономитыг устгасан явдал гэх мэт. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Манай улсад 1919 онд явуулсан Дундад иргэн улсын бодлого, үйл ажиллагаа, 1921 оны Ардын хувьсгалын үйл явц, 1932 оны эсэргүү бослого, 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеийн үйл явдал, өрнөлүүд, 1939 оны Халхын голын байлдаан, 1941-1945 оны Эх орны, 1945 оны Хятад орныг Японы дарлалаас чөлөөлөх дайн, 1948 оны баруун хилийн тулгаралт, 1990 оны ардчилсан хөдөлгөөн, БНМАУ-аас ЗХУ-ын цэргийн анги, нэгтгэлийг бүрмөсөн гаргасан 1992 оны явдал зэрэгт олон талаас нь судлан дүгнэж үзэхэд нэлээн ойлголт авна.
Ямар ч улс эх орныхоо аюулгүй байдлыг хамгаалах үйл хэргийг шаардлагатай зайлшгүй нөхцөлд учрах хохирлыг үл тоон ирээдүйн эерэг ашиг сонирхлынхоо төлөө хийдэг. Манай улс ч түүхэндээ энэ бүхнийг тойрч бус, туулж ирсэн. Иймд хувь хүнийхээ үүднээс 1937 оны цаг үеийн төрийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаггүй. Тухайн цаг үедээ зайлшгүй, гарцаагүй байдалд тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа өөр арга хэлбэрээр хамгаалах ямар ч боломж байгаагүй. Үүнийг 1939 оны Халхын голын байлдааны тулалдагч талуудын хүчний харьцаа, цэрэг, техник, хүн хүчний хохирлын тоо харуулсан. Нэгэн цагт хүчирхэг байсан Ромын Эзэнт гүрэн, Манж Чин гэх мэт улсын төр энэ зуунд дамжин ирээгүй, цагийн эрхэнд түүх л болж үлдсэн. Эдгээр улс дотоодын дайснуудын үйл ажиллагааны үр дагавраас шалтгаалан үгүй болсон. Ингээд харахаар мөнхөд өнөөдрөөрөө орших төр гэж байдаггүйн нотолгоо юм.
1921-1945 онд манай улсад өрнөсөн үйл явдлын тухайд гадаад талаас ямар асуудлууд нууцаар явуулж байсныг олон эх сурвалжаас хайх ёстой. Бидний мэдэхгүй зүйл байхыг үгүйсгэхгүй. Геополитикийн төлөө бусад орны явуулж байсан үйл ажиллагааг маш сайн судлах нь зөв. Монгол газар нутагт өрнөж байсан бүх байлдаан, тулалдааны гадаад, дотоод нөхцөлийг дэлхийн геополитикийн тухайн үеийн нөхцөл байдалтай холбон судлах нь маш чухал. Дайн бол аливаа улсын төрийн бодлогын үргэлжлэл гэдэг. Цагийн аясаар тэр бодлого дахин сэргэх нь бодитой оршдог гэдгийг өдгөө дэлхий дахинаа өрнөж буй улс орнуудын нөхцөл байдал харуулсаар буй.
Бид ямар далд тохироогоор тусгаар тогтнолоо олсон гэдгийг УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, академич Ц.Батбаяр гуайтай хамтарч бичсэн “1945 оны Чөлөөлөх дайн: Монгол ба дэлхий дахин” номд тодорхой харуулсан байдаг. Нөгөө талдаа тусгаар тогтнол гэдэг гаднын хүчний тохиролцоогоор бас үгүйсгэгдэх эрсдэлтэй гэж ойлгож болно.
-Тэгвэл төр өөрчлөгддөг болов уу?
-Төр өөрчлөгдөх логик нь ард түмний олонх нь хүлээн зөвшөөрч, дэмжсэн шинэ төр байгуулах бүрэн хэмжээний системтэй тэмцэл байдгийг өнгөрсөн түүх харуулдаг. Хаант орос улсын 1917 оны үйл явдал, Богд хаант Монгол Улсын 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны хувьсгал зэргийг дурдаж болно. Тухайн үед Хиагтад Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар нөхдийн хамт Ардын түр Засгийн газар гэдгийг байгуулаад Нийслэл хүрээнд цэргийн маршаар ирж, Богд хаант Монгол Улсын төрийг шууд л авсан. Мөн 1990 оны Ардчилсан хувьсгалын залуучууд тухайн үеийн БНМАУ-ын Төв хороог татан буулгаж, өнөөгийн Монгол Улсын төрийг байгуулсан. Харин дангаараа, хэсэг бүлгээрээ системгүй өрнөсөн ард түмний тэмцэл эсрэгээ дотоодын дайсан, эсэргүүчүүд болж, өөрсдөө нухчин даруулдаг. Франц улсын 1789 оны Бастилийн бослого үүний тод жишээ юм.
Хамаг Монгол Улсын үед бид яагаад хүчирхэг байсны суурь нь монгол хүний язгуур сэтгэлгээтэй ямар нэг байдлаар холбоотой байж болох талтай. Цаашид энэ чиглэлээр дагнан судлах эрдэмтэд гарах биз. Хүчирхэг төрийг байгуулж асан улс орнуудад одоо цагт орхигдсон, нууцхан орших давуу чанар хадгалагдаж буй гэдэгт итгэлтэй байдаг.
Өнөөдрийн Монгол Улс хамжлагат ёс буюу ноёны мэдэлд байсан хуучин нийгэмд биш, иргэн бүр хүссэн үедээ дэлхийтэй танилцах боломжтой, үзэл бодлоо чөлөөтэй илэрийлэх, олон ургальч үзэлтэй, эдийн засаг нь тодорхой хэмжээнд тэлсэн, хууль тогтоох парламенттай, ардчилсан улс болсон.
Манжийн дарлалын үеийн мөнгө хүүлэлт, худалдааны арга заль, улс орныг ямар болгож байсныг түүх баримтаар гэрчилдэг. Энэ байдал 1921 оны Ардын хувьсгалын үр нөлөөгөөр ор мөргүй алга болсон. Гэсэн ч дахин зүсээ хувилгаад бий болсныг амьдрал өнөөдөр бидэнд харуулсаар байгаа. Тэгэхээр ардчилал зорилго, зорилтдоо хүрсэн үү, эсвэл хэзээ хүрэх тухай бодох л ёстой.
ЭХ ОРОН, АРД ТҮМНЭЭ ГЭСЭН ҮЗЭЛ БАРИМТЛАЛГҮЙ ХҮНЭЭС ЮУ Ч ХҮЛЭЭГЭЭД ХЭРЭГГҮЙ
-Сүүлийн үеийн улс төрийн үйл явдал, улс төрчдийн ойворгон байдлаас шалтгаалаад иргэдийн төрд итгэх итгэл алдраад байх шиг.
-Ард түмний төрдөө итгэсэн хүлээлт үгүй болно гэж байдаггүй. Тийм ч учраас өвгөд “Төрийн минь сүлд өршөө, түмэн олон минь амгалан байгаасай” гэж итгэл үнэмшлээ дээдэлж ирсэн. Улс бүхэн төрд зүтгэх залуу үеэ үзэл баримтлалын хувьд ямагт бэлдэж ирсэн. Тухайлбал, Чингис хааны үед аравт, зуут, мянгат, түмтийн систем ажиллаж байсан түүхтэй. Хэдийгээр энэ систем нь Хүннү гүрнээс эхлэлтэй боловч Чингис хаан түүнийг уламжлан авч ирсэн. Эл систем цаашдынх нь амжилт, мандан бадралд хэрхэн нөлөөлсөн болохыг дэлхий мэдэрсэн нь маргаангүй түүх юм.
Тэгэхээр төрийг төлөөлж буй төрийн албан хаагчдыг сайтар шилж, сонгож авах нь ард түмний итгэлийг эерүүлэхэд нэмэртэй. Төрийн албан хаагч бүхэн халуун сэтгэл, сэргэлэн тархи, цэвэр ариун гартай байж гэмээн Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний болон нийгмийн аюулгүй байдлын төлөө ил болон далд хэлбэрээр хуулиар хүлээсэн, олгогдсон эрх, үүргийг гүйцэтгэх чин эрмэлзэл бүрэлдэнэ. Үүнээс гадна монгол хүний генд байдаг уламжлалт сэтгэл зүй, сэтгэлгээг гадаад орчноос явуулж байгаа хорт үйл ажиллагаанаас үргэлж хамгаалах асуудал нэн чухал. Хүний сэтгэлийг эзэмдвэл бие нь хаа холдох вэ гэдэг үг байдаг даа.
Өнөөдөр та бид нийгмийн сайн сайхны төлөө үл дуугарч, надад хамаагүй гэх байдлаар явсаар байвал ирээдүй хойчис үйлийн үрийг нь мэдэрнэ. Хэзээ нэгэн цагт үзэл бодлоороо нийгмийн сайн сайхны төлөө нэгдэн тэмцэж, дуугарч явсан бол өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж, аз жаргал, сэтгэл дүүрэн байгааг нь ойлгох болно. Сэтгэл зүрхээ зориулах эх оронтой байна гэдэг өөрөө хэмжээлшгүй их хувь тавилан. Эх орон, ард түмнээ гэсэн үзэл баримтлал, халуун сэтгэл төлөвшөөгүй хүнээс ямар ч үр дүн хүлээгээд хэрэггүй.
-Улс орноо бодохгүй, өнөө маргаашийн хэдэн төгрөгийн төлөө амин хувийн эрх ашгаа дээгүүрт тавьдаг нөхөд олон болсон байна л даа.
-Улс орон хөгжлийн ямар ч замыг туулж болно. Дэлхийн бусад улс ч туулах ёстой замаараа л явж ирсэн. Манай улс ч ялгаагүй. Гэхдээ хичээл зүтгэлтэй, хийж бүтээх хүсэл, тэмүүлэлтэй хүн олон учраас манай улс хөгжинө, хүчирхэгжинэ гэдэгт итгэлтэй явдаг.
Ийм бодолтой хүн бусад улсад ч бий. Эх орныхоо төлөө бодит ажил зориглон хийдэг хүмүүс цаг хугацааны тойргоор төрдөг юм шиг ээ. Хуучин Зөвлөлт Холбоот Улсын удирдагч байсан Ю.В.Андроповын амьдралын замналыг уншихаар Оросын тусгай албаны даргаар 1967-1982 онд ажиллаж байхдаа тухайн үеийн удирдагч асан Л.И.Брежневийг авлига, албан тушаалын бохир сүлжээтэй нь ялан дийлсэн байдаг. Ю.Андропов улс суурьтай, хөдөлшгүй, гарах гарцгүйгээр бүх өнцгөөс нь тооцоолж, төгс ажиллагаа хийсэн нь анзаарагдсан. Гэхдээ түүний талд үзэл баримтлалдаа үнэнч салбар, нэгжийн удирдлага байсан учир амжилт олсон юм билээ. Тэр үеийн Улсын аюулаас хамгаалах байгууллага буюу КГБ, Дотоод явдлын яам гэсэн хоёр хүчирхэг бүтцийн боловсон хүчин, ажилтнуудын албандаа хандах хандлага, үзэл баримтлал, чиг баримжаа өөр, өөр байсан. КГБ улсын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор маш эрсдэлтэй нөхцөлд, алдаа хийвэл үүсэх үр дүн нь өөрийн болон эх орны аюулгүй байдалд шууд нөлөөлөх хэмжээнд хүрэхийг ойлгосон, мэдсэн, сонссон, харсан зүйлс өөр учир хэний төлөө ажиллахаа мэддэг, ёс зүйтэй байснаараа давуу байжээ гэж харагддаг. Өөрөөр хэлбэл, ЗХУ-ын төлөө авлига, албан тушаалын бохир сүлжээг үгүй хийх ажиллагааг Ю.Андропов гэж удирдагч нь хийсэн юм болов уу гэх сэтгэгдэл төрсөн. Тэгэхээр манайд ч ийм хүн гарч ирэх нь дамжиггүй биз.
-Оросын удирдагчид нэгнийгээ “намнах” ямар төгс ажиллагаа явуулсан гэж?
-Гүйцэтгэх ажлын шугамаар цуглуулсан баримт материал үеийн үед ач холбогдолтой гэдгийг олон баримт, судалгаагаар тогтоож болно. Үүний жишээ нь ЗХУ-ын Аюулаас хамгаалах хороо нам, төрийн дээд шатны авлигын сүлжээг нууц ажиллагааны мэдээлэл цуглуулж, шууд баривчлах эрх мэдэлгүй байхдаа тодорхой хэргүүдээр дамжуулан илрүүлэх тактикаар тухайн үеийн удирдагч Л.Брежневийн эсрэг ажилласан. Л.Брежневийн дотны анд тухайн үеийн Дотоод хэргийн сайд, армийн генерал Николай Щёлоков өөрийн системийг ашиглан авлига, албан тушаалын гэмт хэргийн сүлжээг хаацайлдаг байж. Үүнийг нь урт удаан хугацаанд үйл баримтаар тогтоон илрүүлж цэвэрлэсэн юм билээ. Энд КГБ-ын ажилтнууд төрийн дээд албан тушаалтнууд, түүний хүрээллийн авлига, хууль бус үйл ажиллагааны бүх баримтыг гарцаагүй нотлох хэмжээнд цуглуулж чадсан. Уг ажиллагааны дараа ДЯЯ-ны тодорхой албан тушаалд КГБ-ын хүмүүсийг томилж, уг сүлжээ дахин идэвхжих боломжийг зогсоосон тухай баримтат нэвтрүүлэг ч гарсан.
Энэ нь үзэл бодол, үүрэг хариуцлагаа эх орныхоо төлөө зориулж, сэтгэл зүрхээрээ нэгдэж чадсан баг, удирдагч ямар ч улсын аюулгүй байдлыг ард түмнийхээ өмнө хамгаалж чаддаг гэдгийг харуулж байгаа юм. Иймд гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагыг хараат бус, хүчтэй ажиллуулах нь нэн чухал юм. Тиймээс олон улсын чиглэлд маш сайн “тоглолт хийдэг”, мэдлэгтэй, мэргэшсэн хүмүүсээ бэлтгэх цаг болсон.
-Гүйцэтгэх ажлын мэдээлэл гээд нууц, хаалттай, шүүх хурлын үеэр ч ил болгодоггүй баримтууд манайд байдаг л даа. Иргэд үүнд эргэлзэх нь ч бий. Үнэхээр баталгаатай баримт болоод л шүүх нь үнэлж, шийдвэрээ гаргадаг байлгүй.
-Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын үндсэн зорилгыг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар тогтоож өгсөн. Энэ хуульд гүйцэтгэх ажлыг ямар зорилгоор явуулах тухай тодорхой заасан байгаа. Тухайлбал, эл хуулийн хоёрдугаар зүйлд “Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэнэ” хэмээсэн. Тэгэхээр уг хуулийн дагуу үндэсний аюулгүй байдлыг яаж хамгаалж байгаа гэдэгт, нөгөө талдаа хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хэрхэн хамгаалах вэ гэдгийг эргэн харж, чанар, үр дүн, зорилго, зорилтоо биелүүлж ирсэн, эсэхийг 1992 оны шинэ Үндсэн хууль хэрэгжсэнээс хойших байдлаар нэлээд суурьтай нэгтгэн дүгнэх цаг болсон. Магадгүй чанарын өндөр түвшинд энэ хуулийг хэрэгжүүлж ирсэн бол иргэд нийгэмдээ сэтгэл ханамжтай, төр, төрийн байгууллагын ажилтнуудын үзэл бодол, хандлага огт өөр байх болов уу.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан. Харин Үндэсний аюулгүй байдал, хүний эрх эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах талаар энэ хуулийн зорилгод байхгүй. Тэгэхээр Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагууд улс орон, хүн ардынхаа төлөө ямар их хариуцлага хүлээж буйг дүгнэж болох юм.
Гэхдээ энэ үндсэн зорилгоо хэрэгжүүлэх асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгасан мөрдөн шалгах нууц ажиллагаанаас хэрхэн, яаж ялгарч байгаад мэргэжлийн хүмүүс дүгнэлт хийх цаг болсон мэт. Гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагаа хоёулаа л нууц аргаар баримт, мэдээлэл цуглуулах шинжтэй болсон. Ялангуяа гүйцэтгэх ажил явуулж хууль бус үйл баримтыг цуглуулсан болон мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулж хууль бус баримтыг цуглуулсан гэдэг нэг тэрэгний хоёр дугуй шиг байгаа юм.