“Бодь интернэшнл” компаниас авлига авч, төмөр замын тендерийг улсын нууцад оруулсан гэх асуудалд нэр холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах зорилгоор импичмент хийхээ УИХ дахь АН-ын бүлэг уржигдар мэдэгдэж, энэ дуулианы гол цөмд буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, хууль хяналтын байгууллагаар үнэн мөнөө тогтоолгохыг шаардсан юм. Тэгвэл Төрийн тэргүүн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, хуулийн байгууллагаар шалгуулан, нэр төрөө сэргээлгэхээр болсноо өчигдөр хэвлэлийн хурал хийж, албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Зарим гэмт бүлэглэлийнхэн сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэр хүндийг эрээ цээргүйгээр гутаан доромжилж, довтоллоо. Төрийн тэргүүн бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн эрхэм хүндтэй албыг хашдаг хүн. Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдаж, гутаан доромжилно гэдэг нь ард түмний нэр хүнд, Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд халдаж буйгаас өөрцгүй. Төрийн тэргүүний нэр хүнд улс орныхоо гадаад харилцаа, хамтын ажиллагааны өнгө төрхийг илэрхийлдэг тул олон улсын нэр хүнд, байр суурьтай шууд холбоотой байдаг. Гэтэл сүүлийн үед хүн үнэмшихийн аргагүй ноцтой гэмт хэрэгт Ерөнхийлөгчийг холбож, гүтгэн доромжлох боллоо” гэв.
Мөн тэрбээр “Монгол Улсад хүн биш, хууль засаглана. Хуулийн дор бүгд тэгш эрхтэй. Төрийн тэргүүнийг үүрэгт ажлаа өгч, шалгуулахыг АН-ын бүлэг шаардсан. Үүнтэй би санал нэг байна. Үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, үнэн, худлыг тогтоолгох нь шударга ёсонд нийцнэ. Нэн тэргүүнд Ерөнхийлөгчийн эрхэм хүндтэй албаа хүлээлгэж өгнө. Дараа нь миний нэр хүндэд халдсан этгээдүүдийг холбогдох байгууллагуудаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөж дэвшин, гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхэжсээр байна. Төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэсэн. Бодлогын ямар нэгэн алдаа гаргаагүй. Төрөөс, ард түмнээс хулгай хийгээгүй. Харин хулгайд алдсан баялгийг эх орондоо авчирч, өнөөгийн баялгийн сангийн үндэс суурийг бүрдүүлсэн юм. Тиймээс нэр хүндээ сэргээлгэж, шударга ёс тогтоохыг нэн эрхэмд тооцож байна” гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.3-т “Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж, Улсын Их Хуралд өргөдөл гаргасан бөгөөд уг хүсэлтийг ёсоор болгосон тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно” гэж заасан байдаг. Гэвч Ерөнхийлөгч мэдэгдэлдээ эдгээр шалтгааны алиныг нь ч дурдсангүй. Тэгэхээр Төрийн тэргүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай өргөдлөө бичгээр УИХ-д өргөн мэдүүлсний дараа холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй аж. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд Төрийн тэргүүний бүрэн эрх дуусгавар болно. Харин дэмжихгүй бол Ерөнхийлөгч бүрэн эрхээ дуустал хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.
Түүнчлэн Үндсэн хуулийн 37.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна” гэж заасан байдаг. Хэрэв Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтийг парламент дэмжсэн тохиолдолд түүний бүрэн эрхийг УИХ-ын дарга С.Бямбацогт хэрэгжүүлэх нь. Мөн энэ нь Ерөнхийлөгчийн хувьд бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн анхны, У.Хүрэлсүх гэдэг хувь улс төрчийн тухайд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр буусан дөрөв дэх тохиолдол болох юм. Тэрчлэн УИХ Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ирэх хавраас өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах нөхцөл бүрдэнэ.
Мөн “Бодь интернэшнл” компаниас авлига авсан гэх хэрэгт Н.Учралын танхимын хэд хэдэн гишүүн нэр холбогдоод буй. Тэдгээрээс ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч буйгаа цахим хуудсаараа дамжуулан албан ёсоор мэдэгдэв.
Н.Мишээл