Монгол Улсын түүхэнд анх удаа Төрийн тэргүүн нь хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээр ажлаа өгч, нэр холбогдсон хэргээ шалгуулахаа мэдэгдээд байна. Зарим хүний насаараа мөрөөдсөн эл өндөр албан тушаалаас өөрөө бууж чадаж буй нь яах аргагүй ёс зүйн манлайлал юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон тооны үл хөдлөх хөрөнгөө нууцалдаг хэмээх мэдээлэл цацагдаж эхлэх үед манай сонин “Ёс зүйн манлайлал үзүүлээч, Ерөнхийлөгч өө” хэмээн бичиж, түүнийг АТГ-т шалгуулан, нэрээ цэвэрлэж, баримтаар нотлооч хэмээн уриалсан. Нэр холбогддог, шалгадаг, тэгээд замхардаг байдлыг зогсоож, Төрийн тэргүүнээсээ эхлэн үлгэр дууриал үзүүлье гэсэн юм. Тэр ёсоор үйл явдал өрнөж байна.
Үл хөдлөх хөрөнгийн асуудал дээр нэмж хотын дарга асан Х.Нямбаатарын энэ сарын 14-нд хийсэн мэдэгдэл гал өрдсөн. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Энхбаяр тэргүүтэй хэд хэдэн албан тушаалтныг “Бодь интернэшнл” компаниас 110 сая ам.долларын авлига авч, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын гэрээг нууцад оруулсан асуудалд холбоотой хэмээсэн. Араас нь УИХ дахь АН-ын бүлгийнхэн уг хэрэгт нэр холбогдсон бүх албан тушаалтан ажлаа өгч, шалгуул, үгүй бол Ерөнхийлөгчид импичмент хийнэ гэлээ. Уг шаардлагыг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уриалгахан хүлээн авч, ердөө маргааш нь л ажлаа өгч буйгаа мэдэгдсэнээр зөв цагтаа улс төрийн шийдвэр гаргаж, унаж явсан нэр хүндээ өргөв. Түүнийг даган дээрх хэрэгт нэр холбогдсон хоёр ч улс төрч ажлаа өглөө.
БУЛТАН ӨГСӨХ ЗАРЧИМ
У.Хүрэлсүх гэдэг улс төрчийн хувьд албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөх нь шинэ зүйл биш. Одоо бараг зуршил, заншил болох нь. Тэрбээр 2012 онд МАН-ын генсекийн хувиар намын жагсаалтын хоёрдугаарт бичигдэн УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон юм. Гишүүн болсноосоо сар гаруйн дараа АН-ын гишүүн Г.Баярсайханыг чуулганы танхимын үүдэнд цохиж унагасан юм даг. Улмаар У.Хүрэлсүхэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Хоёр сар гаруйн дараа тэрбээр ар гэрийн шалтгаанаар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт өгсөн. Эхнэрээ гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэв. Энэ шийдвэр нь түүнийг халамжтай нөхөр, бас албан тушаалаас зууралддаггүй улс төрч гэж харагдуулж, гишүүн зодсон хэрэг нь бүдгэрсэн байдаг. Тэр намынхаа генсекийн ажлыг ч өгч, улс төрөөс хоёр жил гаруйн чөлөө авчээ. Эцэст нь 2014 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Шадар сайдаар эргэн ирсэн юм. 2016 оны сонгуулиар МАН ялахад тэрбээр Ж.Эрдэнэбатын Засгийн газарт дахин Шадар сайдаар ажиллажээ. Ингээд жил гаруйн дараа буюу 2017 оны наймдугаар сарын 21-нд түүнийг хууль бусаар тагнаж чагнасантай эвлэрэхгүй гэдэг шалтгаанаар чөлөөлөгдөх өргөдлөө гаргав. МАН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан тул намын дарга М.Энхболд ажлаа өгөх нөхцөл үүссэн байлаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газар ч удаан тэсэхгүй болж, нам нь дотроо талцсан үе. Ердөө хоёр долоо хоног орчмын дараа буюу есдүгээр сарын 7-нд нь Засгийн газар огцроход У.Хүрэлсүх МАН-ын дарга, Ерөнхий сайд болсон юм. 2020 онд МАН дахин үнэмлэхүй яллаа. Тэрбээр Засгийн газрын тэргүүнээр улирах нь мэдээж. Гэхдээ 2021 оны нэгдүгээр сарын 19-нд уржигдрынх шиг л огцом мэдэгдэл хийж, “Ковид-19”-ийн үед, идэр есийн хүйтнээр дөнгөж амаржсан эх, нярай хоёрыг таавчиктай нь зөөсөнд уучлаарай хэмээгээд Ерөнхий сайдын ажлаа өгчих нь тэр. Огцрохдоо хэлсэн үгээс нь харин “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэдэг нь уншигдаж байлаа. Тэр ёсоор ч болсон. Одоо тэр мөн л олон үл хөдлөх хөрөнгөтэй болж баяжсан, “Бодь интернэшнл” группээс авлига авсан байж болзошгүй гэх хэрэгт нэр холбогдмогцоо “Шалгуулна, Төрийн тэргүүнийг гүтгэнэ гэдэг бол Монгол Улсыг харлуулж буй хэрэг” хэмээгээд өргөдлөө өглөө. Олон нийт ч, улс төрчид ч “Зөв жишиг тогтоолоо, улс төрийн манлайлал үзүүллээ” хэмээн магтаж буй. Наанаа ингэж харагдаж байгаа ч цаанаа юу бодож ийм алхам хийснийг таашгүй. Гэхдээ иргэд нэг үеэ бодвол хэрсүү болсон. Ажлаа өгөөд л орхих биш, холбогдсон хэргээ жинхэнээсээ шалгуулж, үнэн мөнөө тогтоолго хэмээн шаардаж байна. Энэ удаа ч тэр нэр хүндээ бүрмөсөн унахаас өмнө амжиж мэдрэмжтэй тоглолт хийв.
“УГТАЛ УЛС ТӨР”
Төрийн өндөр хоёр албан тушаалаас огцроход нь У.Хүрэлсүхэд хэн нэгэн, хэсэг бүлэг хүн “угтал улс төр” хийсэн байна. Ерөнхий сайдаас огцрохынх нь өмнө Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар талбайд халаад, таавчиктай жагсаал хийж, хүний эрх, хариуцлага нэхэж байв. Маргааш нь л Ерөнхий сайд огцорсон. Харин энэ удаа УИХ дахь АН-ын бүлэг эл “ажлыг” хийлээ. Х.Нямбаатар энэ сарын 14-ний баасан гарагт мэдэгдэл хийсэн, УИХ дахь АН-ын бүлгийнхэн 16-ны даваа гарагт шаардлагаа тавьсан. 17-нд нь Ерөнхийлөгч огцорч буйгаа мэдэгдлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Төрийн тэргүүн зарим улс төрчийг дуудан уулзсан гэх мэдээлэл цацагдсан. АН-ынхан МАН-ын захиалгаар ажилладаг болсон тул энэ удаа ч ийнхүү “угтал улс төр” хийж өгөв бололтой. Өөрөөр хэлбэл, тэд Ерөнхийлөгч ийм алхам хийх талаар тодорхой мэдээлэл авсан, магад зарим яриа тохиролцоо ч хийсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс огцруулна гэдэг мэдэгдэл өмнөх өдөр нь хийж, араас нь Төрийн тэргүүн “Би АН-ынхантай санал нэг байна, ажлаа өгөөд шалгуулна” гэж онцолж.
Гэхдээ энэ тухайд өөр байр суурьтай хүмүүс мэдээж бий. Ардын баатар Э.Бат-Үүл АН-ынхан ардчилалд түүхэн жишиг тогтоолоо гэж үнэлж буй аж. Тэрбээр “52 жилийн өмнө Америкт тус улсын Конгресс өөрт нь импичмент хийх нь тодорхой болмогц Ерөнхийлөгч Ричард Никсон огцрох хүсэлтээ өгсөн байдаг. Эл түүхэн үйл явдал өчигдөр Монголд тохиолоо. Манай намын шаардлагаар Монголын парламент өөрт нь импичмент хийх аюул нүүрлэснийг мэдээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх огцрох хүсэлтээ даруй гаргахаар болсон. Энэ бол У.Хүрэлсүхээр тогтохгүй, цаашид маш том жишиг болно. Хэрэв дараа дараагийн Ерөнхийлөгч нар алдаа гаргавал парламент огцруулах нь байна. О.Цогтгэрэл, У.Хүрэлсүх нарын “тулаан” ийм цоо шинэ жишиг нээж, парламентын ардчиллын дархлааг тогтоох түүх бүтээж байна” хэмээжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7.2-т “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавивал Үндсэн хуулийн 35.2 дахь хэсэгт заасны дагуу парламент хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах, эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан. 35.2-т нь “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна” хэмээсэн юм. АН-ын бүлэг 42 гишүүнтэй. Сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг оруулах хууль, эрх зүйн бүрэн чадамжтай учраас Төрийн тэргүүн “эмээж” урьдчилсан алхам хийлээ гэх хэсэг байна. Огцорсон Ерөнхийлөгч болсноос өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, ёс зүйн манлайлал үзүүлсэн Төрийн тэргүүн байя гэж шийдсэн нь ч зөв биз.
МАН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДАЛ РУУ “ОНИЛОВ” УУ
Гэхдээ тэр зүгээр л нэр төрөө хамгаалах ганцхан зорилго агуулаагүй. У.Хүрэлсүх бол зөв цагтаа зөв үйлдэл хийж чаддаг, мэдрэмжтэй улс төрч. Нэр хүндээ өргөх, өөртөө ашигтай байх боломжийг алддаггүй. Мөн дараагийн алхмаа тооцохгүйгээр хөдөлдөггүй. Тиймээс ч дээр бичсэнчлэн явахдаа үргэлж илүү өндөр албан тушаалаар буцаж ирдэг нэгэн. Тэрбээр 1991 онд МАХН-ын хороонд улс төрийн ажилтан болж байжээ. Үүнээс хойш 35 жилийн турш карьер нь байнга өгссөн байх юм. Зарим үед өөрөө ухарч, тэгснээ дэвшдэг зарчмыг дээр өгүүлсэн. Улс төрийг удаан хугацаанд ийм тууштай, амжилттай хийж чадсан ганц улс төрч гэчихэд гэмгүй. Энэ удаа тэрбээр төрийн хамгийн өндөр албан тушаалаас бууж байна. Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.3-т “Ерөнхийлөгчийн бүрэн эрх биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж УИХ-д өргөдөл гаргасан бөгөөд уг хүсэлтийг ёсоор болгосон нөхцөлд дуусна” хэмээн заасан. Түүний эрүүл мэнд сайн байгаа. Тэгэхээр холбогдсон хэргээ шалгуулж, нэрээ цэвэрлэхийг хүндэтгэн үзэх бусад шалтгаанд хамруулах нь. Ямартай ч улс төрөөс явах цаг нь болоогүй гэдгийг хэлсэн үгээс нь ойлгож болно. Түүний мэдэгдлийн араас дараагийн алхмынх нь талаар олон таамаглал хөвөрч буй.
Бүрэн эрхийн хугацаагаа дуусгаагүй учраас удахгүй болох сонгуульд өөрөө дахин нэр дэвшинэ гэсэн нэг хувилбар бий. Тэгвэл хууль, эрх зүйн хувьд түүнд ийм боломж байхгүй. Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж тодорхой заасан. Үүнд бүрэн эрхээ заавал дуусгасан байх ёстой тухай тодруулсан зохицуулалт үгүй ч түүнийг нэг удаа зургаан жилээр сонгосон нь үнэн. Тэгэхээр хоёр дахь хувилбар буюу МАН-ын дарга болж, 2028 оны сонгуульд намаа удирдан оролцоод, ёс зүйн манлайлал үзүүлсэн, гэм буруугүй баатрын дүрээр Ерөнхий сайд болж эргэн ирэхээр зорьсон гэдэг яриа үнэнд илүү дөхнө. Үүний тулд тэрбээр “өргөмөл хүү”-гээ огцруулах хэрэгтэй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН хэрэв ялахгүй бол Н.Учрал 2017 оны М.Энхболдод тохиолдсон жишгээр ажлаа өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газар солигдоно. Тэр үед У.Хүрэлсүх гарч ирэх биз ээ. АН-ынхан түүний улс төрийн замыг засаж, жүжиг тоглосны хариуг Ерөнхийлөгчийн сонгуулиар наймаалцсан байж мэднэ гэсэн хардлагын учир энэ аж.
Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр “Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүний албан тушаалаа өгч, иргэний хувиар шалгуулан, нэр төрөө сэргээлгэнэ гэлээ. Түүний эр зоригтой, ёс суртахууны өндөр жишиг харуулсан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын оффтэйк гэрээ, “Бодь интернэшнл”-тэй холбогдсон, тухайн үед ҮАБЗ-ийн болон Засгийн газрын гишүүн байсан бүх хүн энэ жишгийн дагуу шалгуулах ёстой. Ерөнхийлөгч ёс суртахууны үлгэр жишээ болж, хандлагын зөв жишгийг бусдадаа уриалж байна. Монгол төр цаашид ийм зөв жишгийг үргэлжлүүлээсэй” гээд гадаадад байгаа зарим нэг хүн эх орондоо ирээд шалгуулж, нотлох баримтаа өгөөд асуудлаа шийдүүл гэсэн юм. Тэр ийнхүү “аав”-ыгаа магтлаа. Гэхдээ маргааш өөрөө тонгоруулж ч мэдэх нөхцөлд орсноо эрхбиш ойлгож буй байх. Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах, эсэх тухайд тэрбээр Ерөнхийлөгчөөс өөр байр суурьтай байгаагаа илэрхийлж, олон жилийн дараа анх удаа санал “зөрсөн”. Улс төрд мөнхийн нөхөрлөл гэж үгүй, мөнхийн эрх ашиг л оршдог гэдэг дээ.
Мөн Х.Нямбаатар “гал тавьчхаад” өөрөө ард нь нуугдаж үлдэх эрхгүй. Яриад буй дэглэмээ тэр өөрөө угсарсан, гол удирдагч нь явсан. Түүнчлэн У.Хүрэлсүхийг огцорвол маргааш нь очиж шалгуулна гэж хэлснээ одоо хэрэгжүүлэх ёстой. Асуудалд холбогдсон бүх хүн хуулийн өмнө ижил шалгуулах учиртай юм.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ИРЭХ САРД ТОВЛОНО
Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, 77.8 хувийн саналаар дэмжив. Уг хуралдаанд 18 гишүүн оролцсон юм. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хүсэлтийг эцэслэн хэлэлцэж, У.Хүрэлсүхийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргана. Мөн У.Хүрэлсүх өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлаа парламентад тайлагнах биз ээ. Учир нь Үндсэн хуулийн 35.1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7.1-т заасны дагуу Төрийн тэргүүн УИХ-д ажлаа хариуцаж, жил бүр үйл ажиллагаагаа танилцуулах үүрэгтэй юм. Гэвч яагаад ч юм өнгөрсөн таван жилд тэрбээр парламентад ажлаа нээлттэй тайлагнасан тохиолдол алга. Бас үүнийг нь нэхэж байсан гишүүд ч тэр бүр гарсангүй.
Түүнийг чөлөөлснөөр Үндсэн хуулийн 37.2-т “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь УИХ-ын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд парламент Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна” хэмээн заасны дагуу ирэх оны гуравдугаар сарын 20-ны дотор дараагийн Ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийг зохион байгуулах учиртай. Тэгэхээр цаг хугацааны хувьд сарын дотор эл сонгуулийг товлон зарлах болж байна.
У.Хүрэлсүхийн бүрэн эрх ирэх оны зургаадугаар сард дараагийн Ерөнхийлөгч тангаргаа өргөснөөр дуусах ёстой байсан. Гэвч тэрбээр ийнхүү хугацаанаас өмнө явж буй тул Үндсэн хуулийн дээрх заалтын дагуу сонгууль гурван сараар наашлах аж. Шинээр сонгогдох Ерөнхийлөгч мөн л зургаан жилээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Тэр болтол УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн тэргүүнийг орлох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч нь хүсэлтээрээ ажлаа өгсөн асуудлыг олон улсад ч анхааран ажиглаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсоноос гадна Африк, Латин Америкийн зарим оронд Төрийн тэргүүн нь өөрөө хүсэлтээрээ огцорсон тохиолдол мэр сэр байдаг юм билээ. Ямартай ч манай ардчиллын түүхэнд нэгэн шинэ үйл явдал болж, Төрийн тэргүүний сонгууль наашлах нь. Үйл явц хэрхэн өрнөхийг, У.Хүрэлсүх ямар албан тушаалаар эргэн ирэхийг харж байя.