“Индиана”-г 131:124 харьцаатай хожсон тоглолтод “Филадельфи”-гийн лидерүүдийн нэг Л.Жэймс урт замналынхаа ээлжит нэгэн түүхэн амжилтыг бичлээ. Гэхдээ энэ удаад тэргүүн байр бус, гуравдугаарт шалгарав. Тэрбээр уг тоглолтод 11 дамжуулалт өгснөөр NBA-ын түүхэнд хамгийн олон оновчтой дамжуулалт өгсөн тоглогчдын жагсаалтад Ж.Киддийг гүйцсэн юм. Өөрөөр хэлбэл, Леброн нийт 12 092 дамжуулалт өгснөөр нэг байр ахив.
“Надтай хамт маш сайн тамирчид тоглож байсныг энэ амжилт илэрхийлж буй болов уу. Бөмбөгийг цагаригт оруулж чаддаг андууд минь байсан учраас л би энэ амжилтад хүрлээ. Бөмбөгөө оновчтой үед нь дамжуулах, тохох, гурван оноо, дундын шидэлт зэрэг довтолгоогоор оноо авахад нь багийнхандаа туслах л миний үүрэг. Лигийн түүхэн аль нэг жагсаалтад багтах бүрдээ би баяр хөөр мэдэрдэг. Би энэ спортод хайртай, өмнө минь бичигдсэн бүх тоглогчийг хүндэлдэг” хэмээн Леброн ярьжээ.
NBA-д хамгийн олон дамжуулалт өгсөн тоглогчдын жагсаалтад өдгөө түүний өмнө К.Пол болон Ж.Стоктон бичигдэж буй. Хэрэв Л.Жэймс өнөөгийн эрчээрээ (энэ улиралд дунджаар 6.5 дамжуулалт өгч буй) урагшилбал 71 тоглолтын дараа буюу 2027-2028 оны эхний улиралд К.Полыг гүйцэх боломжтой. Харин Ж.Стоктоныг (15 806) гүйцэх боломжгүй юм. Гэхдээ энэ дунджаа Леброн хадгалж чадвар 2033 он хүртэл тоглож байж Ж.Стоктоныг гүйцэх боломжтой болно.
Нэмж өгүүлэхэд, Леброн бөмбөг таслалтаар лигийн түүхэнд зургаадугаарт бичигддэг бөгөөд Г.Пэйтоныг гүйцэхэд 16 бөмбөг дутуу байна. Тиймээс түүнийг он гарахаас өмнө тавдугаар байрт орж ирнэ гэдэгт итгэлтэй байж болох нь.
Хэрэв самбараас бөмбөг авах (23 дугаар байр), блокшотыг (66 дугаар байр) эс тооцвол Леброн сагсан бөмбөгийн таван гол үзүүлэлтээр NBA-ын түүхэнд эхний 10-т жагсдаг түүхэн дэх хоёр дахь тоглогч юм. Эхний тоглогч нь мэдээж К.Абдул-Жаббар билээ.
Н.Энх