Туркийн Анталья хотод энэ сарын 9-нд эхэлсэн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 31 дүгээр бага хурал (COP31) санал зөрчилдсөн хэвээр үргэлжилж байна. Энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх хурлын эхний долоо хоногт улс орнууд эрчим хүчний шилжилт болон уур амьсгалын санхүүжилтийн асуудлаар нэгдсэн тохиролцоонд хүрч чадсангүй. Тухайлбал, Европын орнууд цахилгаанжуулалтыг эрчимжүүлэх санал дэвшүүлсэн бол жижиг арлын орнууд хүлэмжийн хийн ялгарлыг яаралтай бууруулахыг уриаллаа. Харин хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, учирч буй хохирлыг даван туулахад шаардлагатай санхүүжилтээ нэмэгдүүлэхийг чинээлэг орнуудаас шаардсан юм. Үүний зэрэгцээ газрын тос, байгалийн хий, нүүрс үйлдвэрлэгч орнууд уламжлалт эрчим хүчний хэрэглээг үргэлжлүүлэх байр сууриа хамгаалав. Тухайлбал, Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес улс орон эдийн засгаа хөгжүүлэхийн тулд газрын тосны салбараа бэхжүүлэх эрхтэйг мэдэгдсэн нь чулуужсан түлшний хэрэглээг үе шаттай бууруулахыг уриалж буй байр суурьтай зөрчилджээ.
Хэлэлцээ ийнхүү санал зөрөлдөөнтэй үргэлжилж байгаа ч хурлын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулахад чиглэсэн зарим санаачилга гаргасан байна. Жишээлбэл, Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан болон бусад түнш байгууллага Номхон далайн 14 арлын орныг далайн түвшин нэмэгдэх, цаг агаарын эрс тэс үзэгдлээс хамгаалахад зориулж нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө татах хөтөлбөр танилцуулжээ. Үүний 250 сая ам.долларыг дээрх сангаас гаргахаар төлөвлөсөн байна. Мөн Соломоны арлууд тус санд хандив өгөхөө зарласан нь хөгжиж буй жижиг арлын орнуудаас анх удаа ийм шийдвэр гаргасан тохиолдол болсныг “Reuters” агентлаг мэдээлэв.
Э.Сүйлэн