Малайз улсын Каула Лумпурт энэ сарын 15-нд болсон “Malaysia techlympics: ASC-2026” шинжлэх ухаан, технологийн олон улсын олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон есөн настай М.Цэцэйхэн хошой алтан медаль хүртэж, “Junior world champion” буюу өсвөрийн дэлхийн аварга боллоо. Тэрбээр “Жаргалан” олон улсын сургуулийн Ж.Отгонсоль багштай 4а ангид суралцдаг юм. Эл нэгдсэн арга хэмжээнд 3000 гаруй сурагч есөн үндсэн төрлөөр авьяас, ур чадвар, мэдлэг оюунаа сорин өрсөлдсөн байна. Тухайлбал, “World techlympics” ангилалд Монгол, БНХАУ, Индонез, Вьетнам, Камбож, ОХУ, Япон, Филиппин, Хонконг, Узбекистан, Непал тэргүүтэй орны сурагч багийн болон ганцаарчилсан төрөлд өрсөлдөж, аваргаа тодруулжээ.
“ASC global final” шатанд оролцогчид багадаа хоёр төрөлд өрсөлдөх дүрэмтэй бөгөөд алт, мөнгө, хүрэл медалийг анги бүрээр бус, нийлбэр дүнгээр шалгаруулсан аж. Үүнээс хоёр төрлийн нийлбэр дүнгээрээ М.Цэцэйхэн өсвөрийн үнэмлэхүй аварга болсон бөгөөд Малайзын Шинжлэх ухаан, технологи, инновацын сайд Чан Ли Кан болон тус яамны ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй албаны хүмүүсээс шагналаа гардсан байна.
Сонирхуулахад, тэрбээр хоёр настайгаасаа картын аргаар англи үг сурч, дөрөвтэйдөө ном уншиж, улмаар ахисан түвшинд олон улсын хөтөлбөрөөр хичээллэсээр өдгөө дээрх бахархам амжилтыг үзүүлжээ.
Ч.Цэлмэг