Улаанбаатар хотод томууны дэгдэлт үргэлжилж, А хүрээний вирус, риновирус, ретровирус давамгайлж буйг нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан мэдээлэв. Иймд ирэх оны гуравдугаар сарын 1 хүртэл “Маскаа зүүцгээе” аянд нэгдэхийг эрүүл мэндийн байгууллагаас иргэд, олон нийтэд уриаллаа.
А хүрээний томууны виурс нь гэнэт өндөр халуурах, толгой, булчин, үе мөчөөр өвдөх, даарч чичрэх, хуурай ханиалгах, бие сульдах зэрэг шинж тэмдгээр илэрч зарим тохиолдолд уушгины хатгалгаагаар хүндрэх эрсдэлтэй аж. Харин риновирус нь энгийн ханиадны хамгийн түгээмэл шалтгаан болох хамар битүүрэх, нус гоожих, найтаах, хоолой сэрвэгэнэх, бага зэрэг ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ихэнх тохиолдолд хөнгөн байдлаар илэрдэг ч бага насны хүүхэд, астма болон дархлаа султай хүмүүст хүндрэл үүсгэж болзошгүй. Мөн ретровирус нь нэг төрлийн амьсгалын замын вирус бус, хүний дархлал хомсдолын вирус (HIV) ч үүнд багтдаг. HIV нь дархлааны тогтолцоог гэмтээдэг бөгөөд ханиах, найтаахад халдварладаггүй. Иймээс ретровирусийг улирлын томуу, ханиадны вирусүүдтэй адилтгаж ойлгож болохгүйг эмч нар анхаарууллаа.
Иймд гараа тогтмол савандаж угаах, олон хүнтэй, агааржуулалт муутай орчинд амны хаалт хэрэглэх, шингэн зүйл сайн ууж, хангалттай амрах, томууны эсрэг вакцинд хамрагдах, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээ хийлгэхийг мэргэжилтнүүд зөвлөв.
Ташрамд дуулгахад, нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртгасгасан цагаар буюу ажлын өдрүүдэд 09.00-20.00, бямба, ням гарагт 10.00-17.00, нийтээр амрах баяраар ч 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж буй юм.
Ч.Цэлмэг