2013-2014 онд нийт 45.000 хөнгөлттэй үнэ бүхий сайжруулсан зуухыг нийслэлийн айл, өрхүүдэд өгөхөөр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 29.000 зуух хэрэглэгчдэд очжээ. Энэ намар нэмж 22. 000 зуух өгснөөр нийслэлийн гэр хорооллын 193.000 айл өрхийн 170. 000 нь сайжруулсан зуухтай болох юм.
Өнөөдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга С.Оюун, тус хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт Нийслэлийн экологи, ногоон хөгжил хариуцсан орлогч дарга Т.Бат-эрдэнэ, "Цэвэр агаар" сангийн захирал Энхболд нар мэдээлэл хийлээ.
Тодруулбал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнд хүйтний улиралд агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ 2012 оныхтой харьцуулахад 40 хувиар, агаар дахь азотын давхар исэл 26 хувиар, нарийн ширхэглэгт тоосонцор 28 хувиар, том ширхэглэгт тоосонцор 33 хувиар багассан үзүүлэлттэй байгаа аж. Гэвч энэ бүхэн нь стандартад заасан хэмжээнээс 1,6-2,7 дахин их байсаар байна. Тиймээс сайжруулсан түлш нийлүүлэхээр 3 аж ахуйн нэгж гэрээ байгуулсан бөгөөд 2014 онд багтаан 3-4 үйлдвэр ашиглалтад орно хэмээн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун хэллээ.
Г.Оюунтогтох