ШУА болон БНХАУ-ын Цинхуа их сургууль хамтран зохион байгуулж буй “Bio Mongolia day-2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо өчигдөр эхэллээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх тус хурлаар Монгол Улсад био анагаахын шинжлэх ухаан, инновацын хөгжлийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрдэмтэн, судлаачид судалгааныхаа үр дүнг танилцуулж, туршлага, солилцох юм. Мөн боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, биологи болон анагаах ухааны салбар дундын судалгаа, инновацыг хөгжүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой. Энэхүү арга хэмжээний хүрээнд хоёр улсын шинжлэх ухаан, судалгааны хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилгоор ШУА болон Цинхуа их сургуулийн хамтарсан Судалгааны төвийг албан ёсоор нээсэн юм. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ үеэр амьдралын шинжлэх ухаан, биотехнологи, био анагаахын судалгаа, нарийвчлалт анагаах ухаан болон хиймэл оюунд суурилсан инновац нь дэлхийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ шатанд хүргэж байгааг тодотгов. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн судалгаа, инновац, био анагаахын шинжлэх ухаан, эмийн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч байгаа. Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийг эрчимжүүлэх нь эрүүл мэндийн салбарын тэргүүлэх зорилтын нэг” гэсэн юм. Тус хурлаар дэлхийн нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид биотехнологи, молекул биологи, геномик, эмийн инновац зэрэг чиглэлээр илтгэл тавьж, шинэ түншлэл, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэж байна.
У.ЦЭЦЭГ