Хүйтний улирал дөхөж утааны асуудал эргэн сөхөгдөх боллоо. Сүүлийн жилүүдэд байнга яригдаж байгаа энэ асуудлыг бид өөрсдийн биш, хүний асуудал мэт хайхрамжгүй хандаж ирлээ. Гэтэл утаа бол ганц төрийн асуудал биш. Тиймээс хувийн хэвшлийнхэн ч энэ асуудлыг шийдэхэд гар бие оролцох цаг ирсэн. Энэ санааг дэмжин, өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа “Кий Пропертиз энд Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг бидний асуултад ийн хариулж байна.
-Сарын дараачаас манай хот утаандаа умбаж эхэлнэ. Тэр үед гадаа гарах ямар ч аргагүй болдог. Гэрт хүртэл утаа орж ирээд хэцүү. Ядаж гэртээ утаа үнэртэхгүй, хорт агаар амьсгалахгүй байх юмсан. Тийм боломж байна уу?
-Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрээс хэтэрлээ гээд яриад байгаа. Үнэхээр өвлийн ихэнх өдөр, ялангуяа өглөө, оройд гадаа гарах аргагүй байгаа шүү дээ. Ийм нөхцөлд гэр доторх агаар ч цэвэр байж чадахгүй. Тиймээс манай компани иргэддээ ядаж орон байрандаа цэвэр агаар амьсгалах нөхцөл бүрдүүлж өгөхөөр зорьж байна. Агааржуулалтын системээр дамжаад гаднаас гэрт орж ирж буй агаарыг орчин үеийн дэвшилт технологид суурилсан, зориулалтын шүүлтүүрээр шүүж, дотогш нэвтрүүлэх юм. Манай орон сууцыг худалдан авсан иргэд цэвэршүүлсэн агаараар амьсгална гэсэн үг. Улаанбаатар хотын агаар дахь тоосонцрын хэмжээг Германы эрдэмтэд 2011 онд хэмжихэд PM 270 байсан. Уг нь хүн PM 10 хүртэлх хэмжээний бохир агаар амьсгалахыг зөвшөөрч болдог. Гэтэл бид 27 дахин их хороор амьсгалж байна.
-Агаар шүүгчээ хаанаас оруулж ирэх юм бэ?
-Яг манай улсад таарах, дутуу шатсан нүүрсний утаа болон бусад дутуу шатсан холимог хорт хийг шүүх шүүлтүүр гэж байдаггүй. Тиймээс Германы нүүрс ашигладаг ДЦС болон нисэх онгоцны буудалд шүүлтүүр нийлүүлдэг компанитай гэрээ байгуулан, барьж буй орон сууцандаа давхар шүүлтүүр суурилуулахаар боллоо. Германаас шууд нийлүүлнэ. Би өөрөө Германд сургууль төгссөн. Тиймээс герман чанарыг Монголдоо нэвтрүүлье гэж зорьсон. Германчууд бүх зүйлийг маш сайн судалж, тооцож байж хийдэг. Тиймээс тэдний хийж, бүтээсэн зүйл маш чанартай, хүний эрүүл, аюулгүй байдалд дээд зэргээр нийцдэг. Улаанбаатар хотын иргэдийн дөнгөж 40 хувь нь орон сууцанд амьдардаг. Тэдний 80 хувь нь төвийн шугамд холбогдсон халаалттай байранд амьдардаг. Гэр хорооллын айлууд шууд л түүхий нүүрс түлж байна. Үүний улмаас агаарт маш их хор, дутуу шатсан нүүрсний хаягдал, тоосонцор дэгддэг. Дулааны цахилгаан станцууд бас л түүхий нүүрс ашигладаг. Түүнээс гадна манай ДЦС-уудын ашигт үйлийн коэффицент маш өндөр. Улаанбаатар хотын утаа ямар бохир, хортой гэдэг нь өвөл нүдэнд хүртэл харагддаг шүү дээ. Гэтэл бид түүнтэйгээ эвлэрч, амьсгалаад яваад байж болохгүй.
-Хаана барьж байгаа орон сууцанд агаар шүүгч тавьж байгаа юм бэ?
-Нийслэлийн Баянзүрх дүүргийн I хороо, Токиогийн гудамж-26 буюу “Чингис” зочид буудлын урд талд 100-гаад метр зайтай газарт 11 давхар орон сууц барьж байгаа.
-Гэртээ цэвэр агаар амьсгалах боломж хэдэн айлд олдох юм бол?
-Манайх 36 айлын орон сууц барьж байгаа.
-Агаар шүүгчийг орон сууцны хаана суурилуулах вэ. Ямар зарчмаар ажилладаг юм бэ?
-Гаднаас орон сууцанд орох агаарыг шүүдэггүй учраас утаа, тоос шороо гээд агаарт байгаа бүхий л хортой зүйлс агааржуулалтын хоолойгоор дамжаад гэрт чөлөөтэй нэвтэрч байдаг. Тэгвэл манай компани барьж буй орон сууцныхаа агааржуулалтын төв хоолойд шүүлтүүр байрлуулна. Тэр шүүлтүүр гаднаас агаар соруулж аван шүүж цэвэршүүлээд агааржуулалтын сувгаар айлууд руу дамжуулна.
-Гэртээ агаарын солилцоо явуулахын тулд цонхоо онгойлгохоос өөр аргагүй. Харин танай орон сууцанд орвол цонхоо нээх шаардлагагүй болох нь ээ?
-Тийм ээ. Өвлийн улиралд цонх онгойлгох шаардлагагүйгээр агаарын солилцоо явагдана.
-Ажилтай хүмүүс өвөл бол гэртээ агаар оруулж огт чаддаггүй. Орой харихад, өглөө босоход утаанд өмнөх зам ч харагдахааргүй байдаг. Ийм хүмүүс танай байранд л ормоор юм байна.
-Манай байрны оршин суугчид 50-70 хувийн цэвэр агаар амьсгална. 20 жилийн өмнө бол гэртээ цэвэр агаар оруулахын тулд цонхоо онгойлгоход хангалттай байсан. Харин одоо өвлийн хэдэн сард цонх онгойлговол ойр орчмынх нь ханын цаас харлачихдаг. Эмч нар ч, тэр дундаа хүүхдийн, харшлын эмч нар “Цонхоо бүү онгойлго” гэж зөвлөдөг болсон. Эд хөрөнгөө алдвал юу ч алдаагүйд тооц. Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц гэдэг шүү дээ.
-Германы мэргэжилтнүүд агаар шүүгч суурилуулахад оролцоно биз дээ?
-Герман инженер бидэнд зөвлөж байгаа. Агаар шүүгч суурилуулахад тэр хүн оролцоно. Тэд “Манай улсаас агаар шүүгч авч суурилуулвал бидний тавьсан шаардлагыг биелүүл” гэсэн. Хаалга, цонх маш сайн битүүмжлэлтэй, гаднаас бохир агаар нэвтрүүлдэггүй, гурван давхар шилтэй байх ёстой гэх мэт шаардлага тавьсан юм. Бид тэдгээр өндөр шаардлагыг нь хүлээн авч, цонхоо гэхэд гурван давхар шиллэж байгаа. Резин, бариул гээд цонхны бусад тоноглол нь хүртэл чанартай. Гадна фасад нь хүртэл салхи, чийг нэвтрүүлдэггүй, дулаан тусгаарлах чанар нь маш сайн. Манай компани бүх зүйлийг технологийн дагуу маш чанартай хийж байгаа. Тиймээс манай компанийн барьж буй орон сууц тэр хэрээрээ чанартай болж байгаа юм.
-Орон сууцны үнэ хэд вэ. Захиалга аваад эхэлчихсэн үү. Хэзээ ашиглалтад оруулах вэ?
-Захиалгаа аваад эхэлчихсэн. 2015 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр ашиглалтад оруулна. Нэг ам метр талбайн үнэ 2.5 сая төгрөг. Одоо захилгаа өгвөл 2.5 сая төгрөгөөр цэвэр агаарт амьдрах боломжтой. Байр ашиглалтад орсны дараа бол нэг ам метрийг нь 3.5 сая төгрөгөөр борлуулна. Хэдийгээр шинэ технологи нэвтрүүлж байгаа ч бид орон сууцны үнээ өндөр байлгахыг чухалчлаагүй.
-Танай барилгын материал ямар вэ?
-Манай компани Германаас хаалга, паркетан шал оруулж ирдэг. Тиймээс манай компанийн барьж буй орон сууцны хаалга, паркетан шал нь Германых. Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн ханын цаас, Итали улсад үйлдвэрлэсэн сантехникийн шугам хоолой ашиглаж байгаа. Мөн Siemens компанийн цахилгааны төхөөрөмж ашиглана.
-Хэдэн баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх вэ?
-Газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй. Аливаа барилгын суурь сайн байвал барилга чанартай, эдэлгээтэй, газар хөдлөлтөд тэсвэртэй болдог. Манайхыг барилгын сууриа 16 давхар орон сууц ч барьж болохоор чанартай сайн хийсэн гэж барилгын инженерүүд үнэлж байгаа. Үүнээс гадна манайх суурь цутгахад хэрэглэдэг, хамгийн чанартай М300 стандартын зуурмагаар бүх давхрын даацын ханыг цутгаж байгаа учраас барилгын чанар, газар хөдлөл ттэсвэрлэх үзүүлэлт нь өндөр болно. Энэхүү “Senator Apartment” төсөл нь барилгын салбарт шинэ технологи нэвтрүүлж, хэрэглэгчдийн нэгээхэн хэсгийг тохь тухтай, эрүүл орчинд амьдрах боломж бий болгож байгаад манай компанийн хамт олон баяртай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 91116781 дугаараас аваарай. Мөн энэ сарын 5, 6, 7-нд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдах “Барилга орон сууц-2014” намрын үзэсгэлэнгийн Е-4-д байрлах манай стендэд хүрэлцэн ирж авч болно.
Х.БОЛОРМАА