Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэнд уулын тусгай рот анх удаа ууланд авирч, Монгол Улс, АНУ-ын төрийн далбааг мандууллаа. Монгол Улс, АНУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор энэ жил хоёр дахь удаагаа “Баланс мэжик 2014” хамтарсан хээрийн сургалт дадлага хийсэн юм. Манай улсад болсон энэхүү сургалт дадлагын хүрээнд дээрх авиралтыг хийсэн байна. Тэд үндсэн баазаа далайн түвшнээс дээш 2160, өндрийн баазаа 3400 метр өндөрт байгуулж, 4212 метр өндөрт орших Цамбагаравын ноён оргил Цаст уулыг эзэлжээ. Энэ оргил манай улсад өндрөөрөө гуравт ордог. Хамтарсан сургалтаар хоёр орны тусгай хүчнийхэн ууланд авирах арга техник, цас, мөсөн хананд авирах, хэт өндөрт эмнэлгийн тусламж үзүүлэх, шүхрээр буух дадлага хийж, туршлагаа хуваалцан, ур чадвараа сорьжээ.
Х.ЭРХЭМ