Хууль зүйн яам харьяа бүх агентлагтайгаа энэ сарын 13-нд Чингисийн талбайд “төвхнөх” гэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар зэрэг тус яамны харьяа байгууллагуудаар хөөцөлдөх ажилтай иргэд ирэх долоо хоногийн бямба гаригийн 09.00-17.00 цагийн хооронд Чингисийн талбайд очиход болно. Эдгээр байгууллагын өргөдөл гомдол хариуцсан ажилтнууд иргэдийн асуудлыг хүлээн авч, боломжтойг нь газар дээр нь шийдвэрлэн, хууль зүйн туслалцаа үзүүлэх юм. УБЕГ-ын ажилтнууд гэхэд гээсэн бичиг баримтын лавлагаа өгч, иргэний үнэмлэхний захиалга аван, гадаад паспортын хугацаа сунгах бол ЦЕГ-ынхнаар жолооны үнэмлэхтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.
Х.ЭРХЭМ