Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв энэ сарын 5-7-нд “Construction Mongolia-2014” барилгын салбарын олон улсын үзэсгэлэн яармагийг хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулах гэж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ.
Уг үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, олон улсын банк санхүү, хамтын ажиллагааны байгуулага, барилгын салбарын аж ахуй нэгжүүд, мэргэжлийн холбооны төлөөлөгчид оролцон дэвшилт техник технологио танилцуулдаг билээ. Энэ жилийн үзэсгэлэнд оролцохоор одоогоор 60 гаруй аж ахуй нэгж бүртгүүлээд байгаа юм байна. Түүнчлэн “Construction Mongolia 2014” олон улсын үзэсгэлэнгийн хамт Барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой, Барилгачдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх аж.
Энэхүү үйл ажиллагааны талаар Барилгын хөгжлийн төвийн дэд дарга Ч. Отгончулуунтай ярилцлаа.
-Танд удахгүй болох барилгачдын баярын мэнд хүргэе. Барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойг та бүхэн ямар бүтээн байгуулалтаар угтаж байгаа вэ?
- Баярлалаа. Барилгын салбарт маш олон бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Хэдийгээр төсөв урьд жилийнхээс бага байгаа ч одоогоор барилгын ажил хот, хөдөө, орон нутагт үргэлжилсээр байна. Улаанбаатар хотын хэмжээнд төр, хувийн хэвшлийн барилгууд босож байгаа бөгөөд гэр хорооллыг дахин зохион байгуулах хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаа билээ. Мөн барилгачдын баярыг угтаж найман хувийн хүүтэй зээл авахыг эрмэлзэж буй иргэдийг орон сууцаар хангах стратегийн төсөл бэлэн болсон. Арванхоёрдугаар сард эдийн засгийн чуулганаар зөвлөлдөж, УИХ-д өргөн барих гэж байна.
-Стратегийн төслийнхөө талаар уншигчдад тодорхой ойлголт өгөхгүй юү?
-Энэ удаагийн зээлийн онцлог аль болох уян хатан нөхцөлтэй байх бөгөөд дундаж үнэ бүхий орон сууцны цогцолборыг байгуулж, иргэдийг хангана гэж үзэж байгаа. Энэ хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг барилгын салбарт татах чиглэлээр ажил хийж эхэлсэн. Барилгын хөгжлийн төв, Монголын барилгачдын холбоо, Үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоо орон сууцны барилгын өөрийн өртөг зохих түвшинд байлгах санал гаргаад одоогоор 1 ам метр нь 900 мянган төгрөгөөр орон сууц барьж байна. Зах зээлд борлуулахдаа барилгын өртөг дээр ашиг болох 20-30 хувийг нэмээд орон сууцны зээлийн хөтөлбөр төслийн шугамаар иргэдэд ам метрийг нь 1-1.3 сая төгрөгөөр худалдах боломжтой гэж үзэж байгаа.
-Энэ удаагийн зохион байгуулах гэж буй үйл ажиллагааны талаар товчхон танилцуулаач?
- Монголд 2013 онд анх удаа “Construction Mongolia”-г төрийн ордонд зохион байгуулсан бөгөөд 500 гаруй байгуулгын төлөөллийг оролцуулж байв. Энэ жилийн хувьд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох юм. Түүнчлэн уг арга хэмжээний үеэр барилгын салбарын шилдэг 10 аж ахуй нэгжийг шалгаруулна. Г. Оюунтогтох