25 дугаар тусгай сургуульд өнөөдөр “Нарлаг Ротари” байгууллагаас хөдөлгөөн заслын 62 ам метр хоёр өрөө бүхий иж бүрэн танхим хүлээлгэн өглөө. “Нарлаг Ротари” нь нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү төсөлд клубын гишүүд хөрөнгө оруулсан байна. Мөн 3 MEN”, “SILK PLASTER" зэрэг компан ивээн тэтгэсэн аж. . “Өмнө нь нэг багш нэг хүүхэдтэй тусгай тоног төхөөрөмжтэй өрөөнд хичээллэх боломж муу байсан. “Нарлаг Ротари”-гийнхан зургаан сая гаруй төгрөгийн өртөг бүхий засвар үйлчилгээ хийж өгсөнд баяртай байна” хэмээн 25 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Д.Ганбүргэд хэллээ. Тус сургуульд хөдөлгөөн заслын мэргэжлийн таван багш ажиллах юм байна. Нийслэлийн 25 дугаар тусгай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 250 гаруй хүүхэд суралцдаг байна. Тэдний 50 гаруй нь бие эрхтэний согогтой хүүхдүүд байдаг бөгөөд тэд биеийн тамирын хичээлд бусад хүүхдийн адил хамрагдах бололцоогүй байдаг. “Жилээс жилд хүүхдүүдийн өвчин хүндэрдэг. Тиймээс ийм тусгай танхим зайлшгүй хэрэгтэй байдаг. Хөдөлгөөн засалч мэрэгжилтэй биеийн тамирын багш нэг хүүхдэд 15-20 минут зарцуулж, чийрэгжүүлэх өрөөнд нөхөн сэргээх, эрүүлжүүлэх хичээл орох юм. Ингэснээр аажмаар бусад хүүхдийн адил биеийн тамирын хичээлд хамрагдах боломжтой болдог. Үүнээс гадна эцэг эхийн оролцоо чухал үүрэгтэй” гэж тус сургуулийн эмчилгээний биеийн тамирын багш Ц.Намжилдорж хэлсэн юм. Тиймээс хөдөлгөөн заслын тусгай өрөөтэй болсондоо хүүхдүүд баяртай байна.
М.Болорцэцэг