Монгол улсын ШУА, Италийн Эрдэм шинжилгээний үндэсний зөвлөл хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Хоёр тал археологи, палеонтологи, физик, нийгэм, биологи, анагаах, геологи гэсэн үндсэн чиглэлээр хамтран ажиллах юм.
Талууд анх 2003 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан бөгөөд 2010 онд шинэчилж санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн манай их, дээд сургуулиуд, бизнесийн төвүүдтэй хамтарч хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлж зохих үр дүнд хүрчээ. Тухайлбал, Монголын говь, хээрийн сумдыг үлгэр жишээ тохижуулах, бригадын төвүүдийг гүний худгаар хангах төслийг Италийн Венец болон Подова мужийн санаачилгаар Баянхонгор аймгийн Богд суманд хэрэгжүүлжээ.
Мөн Хүннүгийн үеийн археологийн судалгааг профессор Марколонгогийн удирдлагаар 10-аад жил амжилттай хэрэгжүүлсэн байна. Үүний дүнд хэд хэдэн эрдэм шинжилгээний бүтээл хэвлэгдэн гарчээ.
Түүнчлэн 2012 оны наймдугаар сард манай Археологийн хүрээлэн профессор Марколонгогийн оролцоотойгоор Болониягийн их сургуулийн археологийн салбартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэрээгээр хэрэгжүүлэх судалгааны гол ажил нь Хэнтий аймгийн Биндэр суманд орших Бор булаг хэмээн нэрлэгдсэн Хүннүгийн язгууртны булш бүхий газар геофизикийн судалгааг гүйцэтгэн, улмаар уг дурсгалуудаас сонгон малтан судлах ажил байсан юм.
Мөн энэ оноос эхлэн Молисын их сургуультай хамтран Ром хотын ойролцоо олдсон Хүннүгийн булшны олдворын талаар зарим судалгааг хамтран явуулахын зэрэгцээ зарим судлаачдыг дадлагажуулах ажлыг зохион байгуулаад байна.