Самар ургадаг хушин ойн нийт талбай 683.9 мянган га, нөөц 120.8 сая шоо метр бөгөөд Монгол улсын байгалийн ойн талбайн 5.6 хувь, ойн нөөцийн 9.2 хувийг эзэлдэг. Хушин ой нь усыг зохицуулан хамгаалах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтойгоос гадна ойд амьдардаг олон зүйл амьтан, шувууны үндсэн идэш тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг, фитонцид, эфирийн тос их ялгаруулдаг нь орчны агаарыг эрүүлжүүлж цэвэршүүлдгээрээ онцлог юм.
Хуш модны самрыг журамд зааснаар аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ. Энэ нь самар бүрэн боловсорч гүйцсэн хугацаа юм. Самрыг боловсорч гүйцэхээс өмнө түүх нь хуш модонд сөрөг нөлөө үзүүлдэг. Түүхий болц гүйцээгүй боргоцой нь мөчрөөс салж унахад бэрхшээлтэй байдаг тул түүнийг түүхийн тулд модны гол ишийг мунаар хүчтэй цохиж, мөчрийг хугалж байж түүдэг юм. Ингэснээр хуш модны гол иш, титмийг гэмтээдэг байна. Мөн нөгөө талаар болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй. Хуш модны самрыг заасан хугацаанаас өмнө түүх нь Ойн тухай хуулийг зөрчиж байна.
Иймд тус хуульд заасны дагуу хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнийн төгрөгөөр торгоно.
Б.Бямба