Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам болон National Geographic Traveler Монгол сэтгүүл хамтран “Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн аяныг Монгол орны өнцөг булан бүрт буй цахим хэрэглэгчдийн дунд зарласан билээ. Гэрэл зургийн аяныг долдугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-н хүртэл нэг сарын хугацаанд зохиосон бөгөөд 30 орчим хүн оролцсон байна.
Тэргүүн байранд Б.Ундармаа Алтай таван богдод, Хоёрдугаар байранд Ч.Оюундарь Ховд аймгийн хилийн зурвас газарт, удаах байранд О.Соронзонболд, Хөвсгөл аймаг, бөлбөө цэцгэн дунд татуулсан зураг шалгарчээ. Тусгай байранд Ц.Батболд, Хөвсгөл далайд шумбаж буй зургаараа шалгарсан байна.
Хоёрдугаар байрын шагналын эзэн Ч.Оюундарь зүүн гарын говьд судалгааны төслийн ажлаар явж байгаад тус зургийг татуулсан гэлээ. Энэ нь хилийн онцгой бүс учир тэр бүр хүмүүс очдоггүй аж.

Аяны тэргүүн байрын шагналт Б.Ундармаа
Зургийг хүмүүсийн өгсөн “like” үнэлгээ болон тухайн зурагт хэр сэтгэл гаргасан, сонин содон сэтгэлгээ зэрэг шалгуураар үнэлсэн байна.
“Байгаль орчны яам хүмүүст экологийн боловсрол олгох үүрэгтэй. Энэхүү гэрэл зургийн аяныг явуулснаар хүмүүс өөрийн эх орноороо бахархах, эх орноо хайрлах сэтгэлийг мэдрэх болно. Оролцогчид тэмцээнд зориулж “Би эх орныхоо энд байна” гэсэн уриа үгийг барин зургаа авахуулахад зүгээр нэг зураг авахуулахаас арай өөр мэдрэмж төрж байлаа гэсэн юм. Аяны гол зорилго үүнд оршиж байна” гэж Байгаль орчин ногоон хөгжлийн яамны хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Базар онцоллоо.
Цаашид тус аян нь улирал бүр зохиогдох бөгөөд өвөл, хавар, намар зэрэг өөр өөр өнгө төрхтэйгээр уламжлал болгон зохиогдох юм
М.Болорцэцэг.