1983 онд хүлээн авсан, ашиглалтын хугацаа нь 20-иод жилээр хэтэрсэн Улаанбаатар-Зуунмод чиглэлийн замыг Засгийн газрын шийдвэрээр засаж эхэлсэн. 80 хувь нь хагарч, далан нь эвдэрч, хучилт нь цуурч, гүвээ нь нурсан уг замыг “Төв АЗЗА”, “Замын битум”, “Дэвших эрдэнэ” компани хамтран засаж байна. Засвар дуустал уг замыг хааж, есдүгээр сарын 1-нээс эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Налайх-Дөрөвдүгээр зөрлөг чиглэлээр явуулж байгаа юм. Гэтэл зарим жолооч үүнийг мэдээгүй юү, эсвэл үл тоомсорлосных уу, юутай ч хаасан замаар явж байсан дөрвөн жолооч энэ сарын 1-2-нд шилжих шөнө осолджээ. Ухсан нүх, овоолсон шороо тойрч гарах, нарийн замд гүйцэж түрүүлэх гээд осолдсон гэж замын цагдаагийнхан үзэж байна. Дээрх засварт улсын төсвөөс долоон тэрбум 559 сая төгрөг зарцуулж байгаа агаад засварыг аравдугаар сарын 1 гэхэд хүлээлгэж өгөх гэрээтэй.
Х.ЭРХЭМ