Монгол улсын Шинжлэх ухааны Академи, ХБНГУ-ын Бонны Их сургууль, Валштатын ахан дүүсийн холбоо хамтран өнөөдөр “Монгол Европын XIII зууны түүхэн учрал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
Хуралд ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, академийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Галбаатар, Монгол дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид болон Монгол, ОХУ, ХБНГУ-ын 40 орчим эрдэмтэн судлаачид оролцсон юм.
Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь Монгол Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохиогдож буй. Монгол цэргийн бүтэц, зохион байгуулалт, аян дайнд оролцсон Чингисийн үр хөвгүүд, Монголчуудын дэлхийн цэргийн урлагт оруулсан хувь нэмэр, цаашлаад Монголын эзэнт гүрний түүх, тэр дундаа XIII зууны үеийн Монгол Европын харилцааны түүхийг шүүн тунгааж, шинэ баримт хэрэглэгдэхүүн, дүгнэлт гаргалгаагаар түүхийн сан хөмрөгийг баяжуулах нь хурлын зорилго аж.
Хурлын үеэр “XIII зууны монгол цэргийн бүтэц, зохион байгуулалт”, “Бат хаан ба Лигницийн тулалдаан”, “Валштатын ахан дүүсийн холбооны түүх”, “Лигницийн тулалдаан” Монгол цэргийн урлагийн асуудлууд” зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өргүүлсэн юм.