Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн, Кэмбриджийн Их сургуулийн Монгол Өвөр Азийн судалгааны төв, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Халх голын дайн ба төмөр зам” сэдэвт хурал зохиолоо.
Тус хуралд ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Р.Болд, Британийн Кэмбриджийн Их сургуулийн, профессор Э.Булаг, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн эрхлэгч, хурандаа Б.Ганболд болон олон улсын эрдэмтэн судлаачид оролцсон юм.
ШУА-ын Ерөнхийлөгч Б.Энхтүвшин: “Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийж, Халх голын дайны ялалтын 75 жилийн ойн баярт оролцож буй чухал цаг үед энэхүү хурал болж байна. Мөн Халх голын дайны талаар олон удаа хуралдаж, ялалтын баярыг олон удаа тэмдэглэсэн ч Халх голын дайн Монгол Улсын болон зүүн хойд Ази дахь төмөр замын бүтээн байгуулалтанд ямар нөлөө үзүүлснийг анх удаа Монгол Улсад олон улсын түвшинд хэлэлцэж байна ” гэлээ
М.Болорцэцэг