“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон гэх мэдээлэл өчигдөр зарим цахим мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа www.24tsag.mn сайтад гарлаа. Тус сайтад мэдээлснээр Ерөнхий сайдын хүргэн гэх Г.Дэнзэнгийн “Говь повер” компанитай эвлэрлийн гэрээ байгуулж, 4.5 тэрбум төгрөгийг тус компанид “Эрдэнэс Тавантолгой”-гоос шилжүүлсэн хэрэгт түүнийг буруутгаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэжээ. Энэ мэдээлэл бодитой эсэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эх сурвалжаас лавлахад “Ийм ташаа мэдээлэл зарим мэдээллийн цахим хуудаст гарсныг уншсан. Огт үндэслэлгүй мэдээлэл цацсан байна лээ. Гүйцэтгэх захирал Я.Батсуурь ажлаа хийж байгаа” гэв. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн офицерууд “Я.Батсуурь гэдэг хүн байтугай, түүний “үнэр” ч энд гараагүй. Цагдан хоригдож буй болон шүүхийн шийдвэрээр өнөөдөр цагдан хориулахаар авч ирсэн хүмүүсийн дунд тийм хүн байхгүй” гэсэн юм.АТГ-ынхан “Я.Батсуурийг шалгуулахаар манайд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гомдол ирсэн. Гэхдээ одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй хэрэг, материал байхгүй. Зарим цахим хуудас хаанаасаа ийм худлаа мэдээлэл олж бичдэг байна аа” гэсэн юм.