Далайн усанд живсэн Өмнөд Солонгосын “Севол” гатлага онгоцтой холбоотойгоор усан дор явуулж байсан ажлаа зогсоохоор шийдвэрлэжээ. Одоо хэр нь сураггүй болсонд тооцогдоод байгаа есөн хүний гэр орныхон нь сүйрсэн онгоцыг шалгах ажлаа зогсоохыг зөвшөөрсөн байна. Цаашид эрэл хайгуулын ажлыг үргэлжлүүлэх нь цаг, хөрөнгө үр ашиггүй үрсэн явдал болно гэж эрх баригчид ч үзсэн аж. “Севол” гатлага онгоц нь энэ оны дөрөвдүгээр сарын 16-нд Өмнөд Солонгосын баруун өмнөд эргийн усанд живж 295 хүн амь үрэгдсэнийг уншигчид санаж буй биз ээ. Осол болох үед онгоцон дээр 476 хүн байсны 174-ийг нь аварч чадсан, есөн хүний цогцос одоо хэр нь олдохгүй байгаа юм. Зорчигчдын ихэнх нь Ансан хотын сургуулийн сурагчид байсан билээ.