"Пневмони буюу уушгины хатгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр" маргааш тохиох юм. Уг өдрийг ДЭМБ-ын байгууллагын санаачлагаар 2009 оноос эхлэн дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сарын 12-ны өдөр тэмдэглэж ирсэн билээ.
Харин манай улсын хувьд 2010 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд дөрөв дэхь жилдээ тэмдэглэх гэж байгаа юм. Өнгөрөгч 2013 оны хувьд “Уушгины хатгалгаагаар хүүхдүүдээ өвчлүүлэхгүй байя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
Энэхүү өвчин нь хөгжиж буй орнуудад хүүхдийн өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан бөгөөд энэ өвчний улмаас дэлхий дээр 20 секунд тутам нэг хүүхэд буюу өдөр бүр 4300 хүүхэд, жил бүр 1.5 сая орчим хүүхэд амь насаа алддаг гэсэн тоо баримт байдаг ажээ.
Манай улсад ч, хөгжиж буй бусад орнуудын адилаар уушгины хатгаагийн өвчлөл, эндэгдэл харьцангуй өндөр байсаар байгаа ажээ. Тиймээс Монгол улс 2016 оноос эхлэн уушгины хатгаа өвчний эсрэг пневмонийн эсрэг 13 цэнт вакцинаар бага насны хүүхдүүдийг дархлаажуулж, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилго тавин ажиллаж байгаа юм байна.
Хүүхдийн хатгалгаа буюу уушгины үрэвсэл гэж хэвийн нөхцөлд агаараар дүүрч байдаг уушгины цулцангууд үрэвсэж идээ, цэр, цусаар бөглөрөхийг хэлдэг байна. Иймд эд эрхтэнг хүчилтөрөгчөөр хангахад бэрхшээл үүсч үүнтэй тэмцэхийн тулд хүүхэд амьсгаадаж (амьсгалын тоо олшрох) эхэлдэг аж. Өөрөөр хэлбэл амьсгаадах, амьсгалахад бэрхшээлтэй болох, амьсгалахад өвдөлт үүсэх, хамар сарталзах, хамар, уруул хөхрөх нь уушгины хатгалгааны үндсэн шинж тэмдэг байна. Түүнчлэн ханиах, халуурах, чичрэх цээж, толгой, хэвлийгээр өвдөх, ханиах үед зовиурлан уйлах, яраглах, гинших, хоолонд, хөхөндөө дургүй болох, шээс ховордох, ядарч сульдах, уцаарлах зэрэг бусад шинж тэмдэн илэрдэг ажээ.
Хүүхэд тураал, сульдаа, цус багадалт зэрэг хүүхдийн суурь өвчнүүдээр нэгэн зэрэг өвдөх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлт хүчин зүйл болдог гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.
Тиймээс хүүхдээ цаг тухайд нь дархлаажуулах, хөхөөр хооллох, гэр бүлийн гишүүд тамхи татахгүй байх зэрэг нь хүүхдийг уушгины хатгалгаанаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой ажээ.