Дэлхий дахины анхаарлын төвд байгаа эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд манай улсын мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл БНХАУ-ын Халдварт өвчний хяналтын төвд ажиллаад иржээ. Тус төвийн ерөнхий захирлын орлогч Зижиан Фенг манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзаад эбола вирусийн халдварын талаар тус улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулжээ. Хятад улс уг вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ, хилийн нэвтрэн орох цэгийн хяналтыг сайжруулах зэргээр цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.
Хятадын Засгийн газраас эбола вирусийн дэгдэлт өндөртэй баруун Африкийн улсуудад олон талын тусламж үзүүлж, Либер, Сьерра Леон улсад 50-100 ортой эмнэлэг байгуулж өгч, эмнэлгийн 40 ажилтнаа дөрвөн баг болгон 2-3 сарын хугацаагаар сэлгэн ажиллуулж байгаа бөгөөд тухайн газраас ирсэн эмч, мэргэжилтнүүдийг 21 хоног тусгаарлаж, биеийн байдлыг хянаж байгаа гэнэ. Мөн өвчний тархалт бүртгэгдсэн улс орноос ирсэн зорчигчдод гар утас өгч, утсаар хяналт тавих ажлыг эхлүүлжээ. Өдөрт хоёр удаа биеийн халуунаа үзэж, өөр шинж тэмдэг гарвал утсаар яаралтай мэдэгдэж, хариу арга хэмжээг яаралтай авах зааварчилгааг гаргасан байна.
Халдварт өвчний хяналтын төвийн Вируслогийн лабораторийн дэргэд эбола вирусын тусгай тасаг нээн, доктор, профессор Мифанг Лиангийн удирдлагаар тус вирусын оношлуурыг гарган авч, Францын Лю пастерын институтад илгээн, 100 хувийн баталгаажуулжээ. Энэхүү оношлуурыг уг вирусын халдварын дэгдэлт гарч буй зарим улсад хэрэглэж, эмнэлгийн ажиллагсдын хамгаалах хэрэгслийг ч хэд хэдэн үйлдвэрт үйлдвэрлэж байгаагаа манай мэргэжилтнүүдэд танилцуулжээ. Үүний зэрэгцээ яаралтай тусламжийн машиныг тусгай зориулалтаар, дотор талд нь агаарын сөрөг даралттай байхаар үйлдвэрлэж эхэлсэн байна.
БНХАУ-ын гурван эмнэлэгт эбола вирусийн халдвартай байж болзошгүй өвчтөнг тусгаарлах, био аюулгүй ажиллагааны гуравдугаар зэрэглэлийн лабораториор 13-ыг сонгон, лабораторийн магадлан итгэмжлэл явуулж байгаа аж.
О.Ундрах