УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр Оюутолгойн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсын Шадар сайд, Уул уурхайн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 30/15/59 дүгээр тушаалаар “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг шалгах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж тайлан дүгнэлтээ гаргасан талаар дуулгаад “Оюутолгой” компанийн цалингийн талаарх судалгааг танилцуулав. “Project management institute буюу Төслийн менежмент институт нь 29 орны 30 гаруй мянган төслийн менежерүүдийн цалинд судалгаа хийхэд “Оюутолгой”-н жилийн дундаж цалин 92 мянган ам.доллар байгаа нь тогтоогдсон байна. Энэ нь судалгаанд хамрагдсан менежерүүдийн цалингаас 2.8 дахин их байгаа юм. Мөн "Оюутолгой" төслийн хүрээнд далд уурхайн ажил гүйцэтгэсэн “Рэд Пат” компанийн дотоод болон гадаад ажилтнуудын цалин асар их зөрүүтэй байна. Тухайлбал, гагнуурчны цалинг гадаад ажилтанд 1.8 сая төгрөг, харин монгол ажилтанд 71.6 мянган төгрөгөөр тооцон олгож байгаа нь 25 дахин зөрүүтэй байгаа юм” гэлээ. УИХ-ын гишүүн Г.Уянга төрийн нууцын зэрэглэлд хамруулсан "Оюутолгой" төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг шалгах ажлын хэсгийн тайланг нийтэд ил болгохоо өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх зарим баримтыг сэтгүүлчдэд танилцуулсан. Тухайлбал, энэ удаагийн түүний хийсэн мэдээллээр 400 гаруй тэрбум төгрөгийн баримт сөхөгдсөн юм. Энэ бол манай улсын цэцэрлэгийн асуудлыг 100 хувь шийдвэрлэхэд хангалттай хүрэлцэх хэмжээний мөнгө гэдгийг тэрбээр онцолсон. Цаашид уг төсөлтэй холбоотой баримт мэдээллүүдийг ээлж дараалан танилцуулахаа тэрбээр амлалаа.