Нийслэлийн Мэргэжлийн хяналтын болон Ерөнхий төлөвлөгөөний газрын шалгалтаар Улаанбаатарт ашиглалтын шаардлага хангахгүй 150 орон сууц байгааг тогтоож, 21-ийг нь буулган, газарт нь шинэ барилга барих болсон юм. Үүнд Хан-Уул дүүргийн II, III хороон дахь Нэхмэлийн шар байрнууд багтсан ч дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг өнөө хүртэл шалгаруулаагүйгээс цөөнгүй асуудал үүсээд байв. Нэхмэлийн шар байруудыг дахин барилгажуулах тендерийг өнгөрсөн сард зарласан. Төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулаагүй байхад зарим компани иргэдтэй гэрээ байгуулсанаас маргаан үүсэж, иргэдийн зарим нь “Орчлон констракшн”, нөгөө хэсэг нь “Фүжи холдинг” компанийг дэмжих зэргээр хэд хэд хуваагдаад байсан юм. Тиймээс хотын дарга Үнэлгээний хорооны дарга, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт нэн даруй төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулж, маргааныг таслах үүрэг өглөө. Тэрбээр мөн “Төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулна гэдэг нь барилга барих компанийг шууд шалгаруулчихлаа гэсэн үг биш. Шалгарсан компанийг иргэд дэмжвэл дараачийн шатны ажил үргэлжилнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэд тухайн компанийг дэмжихгүй бол дахин сонгон шалгаруулалт явуулах журамтай” гэдгийг тайлбарласан юм.