Улс төрийн ертөнцийн хөгжөөн цэнгээнтэй явдлууд үргэлжилж байна. Эхлээд АН-ынхан дотроосоо Засгийн газраа огцруулж, УИХ-аас Шадар сайдыг үүрэг гүйцэтгэгчээр нь томилсон. Харин одоо тэр тогтоол хууль бус болж, Н.Алтанхуягаар өөрийг нь орлуулах сураг дуулдаж эхлэв. Бас тэр “Засгийн газрыг огцруулах товчлуур дарсан хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй” гэж мэдэгдлээ. ҮЗХ-ноос хойш “Фракц бүр хүн сойгоод яах вэ. Улс төр, эдийн засгийн хямралыг туулж гарч чадах хүн л сонгоё” гэсэн ганц л шийдлийг АНынхан гаргасан аж. Өчигд өр АНын бүлэг хуралдах үеэр танхимаас Ерөнхий сайдад гурван хүн нэр дэвшүүлсэн гэнэ. С.Баярцогт Ч.Сайханбилэгийгээ, Г.Баярсайхан Д.Ганбатыг санал болгожээ. Харин МҮДН-ынхан Р.Амаржаргалыг сойё гэжээ. Засгийн газрыг унагахын төлөө хамтран ажилласан “Шонхор”, МоАХ фракцуудын сонголт л “шал сонин” байж, олон хүнийг гайхашрууллаа. АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, нууцаар санал хураах байсан ч асуудлаа түр хойшлуулжээ. Учир нь АН-ын дарга Бүлгээс нэр дэвш үүлсэн хүмүүсийг дэмжихгүй гэсэн байна. Мөн Ерөнхийлөгч айлчлалаас буцаж ирж буй учраас түүнтэй зөвшилцөх ёстой гээд түр завсарласан байлаа.
ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ
Таамаглал дунд огт дуулдаагүй, бүр төсөөлөхөд ч хэцүү дээрх эрхэм бол Х.Баттулгын “утсан хүүхэлдэй”. Тэр Баянхонгор аймгаас Х.Баттулгынхаа нэр сүрээр чирэгдэн сонгогдсон нэгэн. “Шонхор”- ынхон МоАХ-той хамтарч “элсний 13”-ын түүхийг давтахдаа З.Энхболд, Х.Баттулга нарын нэгийг Ерөнхий сайд болгохоор тооцож байсан. Гэтэл З.Энхболд намын даргын суудлыг Ерөнхий сайдынхаас илүүд үзэж, нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдлээ. Х.Баттулга ч бас татгалзаж буйг энэ үйлдлээс харж болно. Гэхдээ тэр өөрийн “чиргүүл”-ээ зүтгүүлэхээр дэмжүүлж чаджээ. Энэ нь үнэндээ эсгий хийх газар нохой хэрэггүй гэдгийг л санагдуулж байв. Д.Ганбат гишүүнийг Ерөнхий сайд болно гэж хэн ч төсөөлөхгүй, тэр хэтэрхий жулдана. Улс төр, эдийн засгийн хямралаас Монголыг гаргачих ид шид түүнд байхгүй. Гэхдээ түүний ард АН-ын нөлөө бүхий хоёр фракц зогсож байгаа цагт тэр санал хуваах өрсөлдөгч болж хувирах юм.
Р.АМАРЖАРГАЛД БОЛОМЖ БИЙ ЮҮ
Мэдээж тэр өмнө нь Ерөнхий сайд байсан, туршлагатай улстөрч. Хамгийн боломжит хувилбар. Гэхдээ УИХ-ын гишүүнээсээ сайн дураар татгалзах гэж байсан хүн одоо хямралтай эдийн засгийг гар тосон авч, Ерөнхий сайдын албыг авах болов уу. Тэгвэл түүнд дур их байгаа бололтой. Бараг хоёр жилийн турш УИХ дахь бүлгийнхээ хуралд суугаагүй атал сүүлийн хоёр өдөр хамгийн түрүүнд орж ирсэн гэнэ. Олон нийтийн зүгээс түүнийг нэлээд дэмжиж байгаа ч АН-ын дарга дэмжихгүй. Учир нь тэр Засгийн газрыг огцруулахаар товчлуур дарсан. Тэгэхээр МҮДН-ын төлөөлөл түүнд боломж олдохгүй л болчих гээд байна.
НЭМЭГДЭХҮҮНИЙ БАЙРЫГ СОЛЬСОН Ч НИЙЛБЭРИЙН ХАРИУ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ
“Алтангадас” фракцаас Ч.Сайханбилэгийг сойж эхэлмэгц л олон нийтийн цахим сүлжээгээр “Н.Алтанхуягийг түүгээр солиод ямар ялгаа гарах юм бол” гэсэн шүүмжлэл өрнөж байна. Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтад оролцоогүй гишүүдийн нэг болох Д.Арвины яриа бас байдлыг эргэлзүүлж орхисон. Тэрбээр “Намын удирдах ажилтнуудын зөвлөлгөөн дээр Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар Н.Алтанхуягийг огцруулах ёстой” гэж ярьсан. Тиймээс би энэ хуйвалдаанд оролцохгүй байсан нь дээр гэж үзсэн юм” гэсэн тайлбар хийсэн нь “Алтангадас” дотроос “түгжил” ажиллагаанд хувь нэмэр оруулсан юм биш биз гэсэн хардлагыг дагуулсан юм.
Гурван эрхэм дотроос Ч.Сайханбилэг арай магадлалтай нь. Гэхдээ огцруулсан танхим дотроос дараагийн Ерөнхий сайдыг томилох нь хэр оновчтой байх бол. Бүлгийн дэд дарга С.Одонтуяа нууцаар санал хурааж гурван гишүүний нэгийг нь тодруулна гэж мэдэгдсэн. Тэгвэл АН-ын дүрмээр бүлгээс санал болгосон гурван хүний нэрийг намын дарга нь Гүйцэтгэх зөвлөлдөө оруулж, зөвшилцөх аж. Улмаар нэг хүнийг сонгоод ҮЗХ-нд танилцуулах юм байна. Үүний дараа ҮЗХ-ноос баталсан нэр дэвшигчийн талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэнэ.
С.ТУУЛ