“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг АТГ-аас цагдан хорьсон гэх ташаа мэдээлэл цацагдсаны дараа тус газрын албаны эх сурвалжаас тодруулахад “Я.Батсуурийг шалгуулахаар манайд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гомдол ирсэн. Гэхдээ одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан зүйл байхгүй” хэмээн мэдээлж байсан юм. Бидэнд олдсон мэдээллээр төрийн өмчит компанийн эд хөрөнгийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан гадаадын иргэний хөрөнгө оруулалттай компанид шилж үүлсэн гэсэн үндэслэлээр Я.Батсуурийг шалгуулах гомдол ирсэн гэнэ. Тодруулбал, Австралийн иргэн Жеймс Вилсон хэмээх захиралтай, Сингапурт бүртгэлтэй TTGBCO гэх компани манай улсад үйл ажиллагаа явуулахаар 2012 оны хоёрдугаар сарын 15-нд УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, холбогдох бусад газарт бүртгүүлжээ.
Улмаар охин компани болох “Five hills holding” гэх компаниа Тавантолгойн орд газарт ажиллуулахаар энэ оны эхээр оруулсан гэнэ. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалттай энэ компанид төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 86 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тоног төхөөрөмжийг шилж үүлсэн юм байх. Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр гадаадын хөрөнгө оруулалттай компанид ийм өндөр үнэтэй тоног төхөөрөмж шилжүүлэх шийдвэрийг Я.Батсуурь дангаараа гаргаагүй нь ойлгомжтой. Монголынхоо компаниудыг энэ төсөлд бараг оруулдаггүй атлаа гадаадын хөрөнгө оруулалттай компанид ийнхүү найр тавьсан нь анхаарал татаж буй юм. Тиймээс АТГ-аас уг гомдлыг нарийвчлан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэх эсэхээ удахгүй шийдвэрлэх гэнэ. Хэрэв эрүүгийн хэрэг үүсгэвэл Ерөнхий сайдын хүргэн гэх Г.Дэнзэнгийн компанид мөнгө шилжүүлснээс илүү дуулиан дэгдэх бололтой.
Г.ОРЧЛОН