Төрийн албаны сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг Увс аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногт авсан байна.
Нийтдээ 22 ажлын байр зарлагдсанаас 19 ажлын байранд шалгуур хангасан 141 иргэн бүртгүүлж, 139 хүн шалгалтад оржээ. Үүнээс 16 ажлын байранд 58 иргэн тэнцсэнийг нөөцөд бүртгүүлэхээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна. Тариалан, Өндөрхангай сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн, Баруунтуруун сумын газрын даамлын сул ажлын байран дээр өрсөлдсөн иргэд шалгалтандаа тэнцээгүй аж.
Харин Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн болон Орон сууц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн орон тоон дээр хүмүүс бүртгүүлээгүй байна.