Увс аймгийн Өмнөговь сумын хүн эмнэлгийн барилгад их засварын ажил саяхнаас хийгдэж эхлээд байна. Хөхүүрийн ам цаашлаж, хүйтний ам наашилсан энэ үед эмнэлгийн их засварын ажлыг хийж байгаа нь ард иргэдэд бэрхшээлтэй байгаа аж.
Сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжгүй болсны зэрэгцээ халаалт тавиагүй учир эмч ажилчид нь даарч бээвийгээд ажиллах аргагүй болжээ. Мөн анхан шатны үйлчилгээ хүртэх гэсэн иргэд өвчин дээрээ ханиад нэмж авах эрсдэлтэй байгаа аж. Хэдийгээр цахилгаан халаагуур тавьсан ч дулаан нь хүрэлцээгүй, нүүр ам хуурайшуулаад хэцүүхэн байгаа сурагтай. Урин дулаан цагт засвар тохижилтын ажлаа хийж байхгүй намар оройн цагаар эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг байгууллага засварт орсонд иргэд бухимдалтай байна.