Хэнтий аймгийн орон нутгийн музейн захирлаар ажиллаж байсан Ц.Эрдэнэбулганыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан хуурамч материал бүрдүүлэн төсвийн хөрөнгөөс завшиж байсан хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэллээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр тус музейн захирал эмэгтэйг жирэмсний амралттай байх хугацаанд түр ажиллаж байсан аж. 2013 оны долдугаар сараас аравдугаар сарын хооронд Ц.Эрдэнэбулган тушаал гаргаж Г.Шархүүхэн гэдэг хүнийг түр ажилд авч, цалин олгож байсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж, тэр хугацаанд нэг сая гаруй төгрөг завшсан гэнэ. Г.Шархүүхэн гэх хүний цалинг 330 мянган төгрөгөөр тогтоож, гурван сарын хугацаанд олгосон баримт бүрдүүлсэн байжээ.Мөн музейнүүдэд үзмэр худалдан авахад зориулж улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө олгодог аж. Гэтэл Ц.Эрдэнэбулган мөн л хуурамч баримт бүрдүүлэн уг мөнгөнөөс нь нэг сая орчим төгрөг завшсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод буй гэнэ.