Завхан аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Малын хулгайгүй бүс нутаг” уулзалт зөвлөгөөнийг Завхан аймгийн Улиастай хотод өнгөрөгч сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад Цагдаагийн Ерөнхий Газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, болон цагдаагийн газар хэлтсүүдийн төлөөлөл нийт 110 хүн оролцсон юм.
Уулзалтад Завхан аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, Ховд аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу, Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Батбаяр нар “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж буй ажил”-ын талаар, Увс аймаг дахь цагдаагийн газрын дэд бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Чимэддорж “Хил дамнасан малын хулгайн гэмт хэргийн гаралт, тулгарч байгаа асуудал” сэдвээр, Говь-Алтай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулж байгаа нь” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
Мөн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд тулгарч буй бэрхшээл, анхаарах асуудал сэдвээр орон нутаг дахь цагдаагийн хэсгийн дарга, хэсгийн төлөөлөгч, цагдаа нар малчин айл өрх, иргэдийн сэтгэгдлийг теле сурвалжлагаар оролцогчдод танилцуулсан юм