АН-ын бүлгийн өнөөдөр болсон хуралдаанаар нууц санал хурааж, Ерөнхий сайдыг тодруулах ёстой байсан. Гэвч “Алтангадас”-ын гишүүд, тэр дундаа Ерөнхий сайдад нэр нь дэвшсэн байсан Ч.Сайханбилэг гишүүн ирээгүй бөгөөд Д.Ганбат гишүүн нэрээ татсанаар Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайдаар тодруулах эсэх асуудлаар санал хураажээ. Ингээд хуралдаанд ирсэн 30 гишүүний 27 нь буюу 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар тодруулсан байна.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Манай намын гишүүд анх удаа фракц, бүлэг болж зөрчилдөлгүйгээр нэгдсэн байр суурин дээр зогсож, сонголтоо хийж чадлаа. Бид сандал ширээний асуудлаас илүү улс орны эрх ашгийг тэргүүнд тавих шаардлагатай гэдгийг бүх гишүүд мэдэрсэн байлаа” гэв. Р.Амаржаргал гишүүн Монгол Улсад нүүрлээд буй эдийн засгийн хямрал, улс төрийн нахцал байдлын талаар бүлгийн хурал дээр дэлгэрэнгүй танилцуулж, тодорхой саналууд гаргасан байна. Энэ талаар тус намын бүлгийнхэн удахгүй нээлттэй танилцуулна гэсэн.
Намын бүлгийн уг шийдвэрийг АН-ын ҮЗХ-нд хүргүүлэх юм. Түүнчлэн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан бөгөөд өнөөдрөөс УИХ-д суудалтай бусад нам, эвсэлтэй хэлэлцэж тохиролцох юм байна. Улмаар ҮЗХ эцсийн шийдвэрийг гаргана.
Р.Оюун