АН-ын бүлгийн хоёр өдөр үргэлжилсэн хурлын шийдвэр өнөөдөр эцэслэж, нэр дэвшүүлсэн Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нараас Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар тодруулав. Хурлын нөхцөл байдлыг аваад үзвэл Р.Амаржаргалыг сонгохоос өөр аргагүй байсан гэж болно. Учир нь Д.Ганбат гишүүн хэр хэмжээгээ мэдэрсэн үү, цаанаас нь зөвлөсөн үү, ямартай ч Ерөнхий сайдын хэмжээнд ажиллах хүн биш гэдгээ ухамсарлаж, нэрээ татсан. Харин “Алтан гадас” фракцад харъяалагддаг Ч.Сайханбилэг хуралдаа суусангүй. Сураг сонсохнээ, намын бүлгийн өчигдрийн хуралдааныг АН-ын дарга Н.Алтанхуяг ууртайгаар орхин гарсан гэнэ.
Намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН анх удаа фракц, бүлэг гэж зөрчилдөлгүйгээр, сандал ширээ бус, эх орныхоо эрх ашгийг тэргүүнд тавих хэрэгтэй гэдгээ мэдэрч, 100 хувийн саналаар Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар тодруулах шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдсэн. Харин тэрхүү 100 гээд байгаа гишүүд дунд “Алтангадас”-ынхан хамаарахгүй. Тэд өнөөдөр хуралдаа суугаагүй. Гол учир нь Н.Алтанхуяг дарга өөрийг унагах кноп дарсан гишүүдийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй гэдэг байр сууриа хэдийнэ илэрхийлсэн. Гэхдээ нэр дэвшүүлсэн гурван хүнээс Р.Амаржаргал гишүүн аль талаараа илүү. Тэрбээр туршлагатай улс төрчийн дээр эдийн засгийн өргөн мэдлэгтэй, өмнө нь Засаг тэргүүлж явсан нэгэн. Тийм ч учраас АН-ынхан намаа хүнд байдалд оруулсан энэ үед хамгийн дөнгүүр хүнээ тавихгүй бол болохгүй гэдгээ эрх биш ойлгож байгаа байх.
Зүй нь Н.Алтанхуяг ийм мэдэгдэл гаргахын оронд эх орны эрх ашгийг тэргүүнд тавьж, өс санасан сэтгэлээ нэг удаа дараад, өөрийгөө дахин эвгүй байдалд оруулалгүй үлдсэн бол дээр байх байсан ч юм билүү. Гэтэл тэр ингэхийг хүссэнгүй. Бүр албан ёсоор мэдэгдэл орон даяар хийгээд авсан. Ам алдвал барьж болдоггүй хойно ард түмэндээ ингээд мэдэгдчихсэн болохоор Р.Амаржаргалыг дэвшүүлэх намынхаа гишүүдтэй санал бодол нийлээгүй нь тодорхой. Тиймээс л намын бүлгийн хурлаа ийнхүү хаяж гарсан хэрэг. Тэр мэдээж зүгээр суухгүй нь лавтай. АН-ын бүлгийн хуралд оролцсон 27 гишүүн 100 хувийн саналаар Р.Амаржаргалын төлөө саналаа өгчихсөн. Гэхдээ энэ сонголтын хайныг ҮЗХ хагална. “АН-ын дүрэм, УИХ дахь АН-ын бүлгийн дүрэм хоёр тусдаа асуудал. Ерөнхий сайдыг тодруулж, Засгийн газар байгуулах ажлыг намын ҮЗХ-ноос намын бүлэгт даалгасан. Тиймээс энэ ажлыг бүлгийн дүрмийн хүрээнд явуулж байгаа” хэмээн Д.Эрдэнэбат дарга мэдэгдсэн. Гэхдээ эцсийн дүндээ ҮЗХ энэ асуудлыг шийдэх учиртай. АН-ын дарга Н.Алтанхуяг Р.Амаржаргалыг дэмжихгүй гэсэн санаагаа хэрхэн гүйцэлдүүлэх бол гэдэг сонин байна. Р.Амаржаргал гишүүн АН-ын бүлгийн “босгыг” давсан ч Н.Алтанхуягийн босгыг давж чадах уу гэдгийг хүлээх л үлдлээ.