Шинэчлэлийн гэх Засгийн газрын наймдугаар сарын 14-ны тогтоолоор ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан, бригадын генерал Б.Билэгтийг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Түүнийг ээлжийн амралттай байх үед эл шийдвэр гаргасныг тэрбээр эсэргүүцэн Монгол Улсын Засгийн газрын 258, 269 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхэд гаргасан юм. Уг хэргийг энэ сарын 11-ний 08.00 цагт тус шүүх хэлэлцэхээр товлосны дагуу хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Зүмбэрэл, нэхэмжлэгч Б.Билэгтийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ариунболд, шүүгч Б.Цолмонгэрэл нар оролцсон байна. Гэвч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Зүмбэрэл шүүгч Б.Цолмонгэрэл болон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхээр уг хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзах санал гаргасан аж. Тус шүүхийн нийт шүүгчдийн зөвлөлгөөнөөр Зүмбэрэлийн саналыг хүлээн авахаас татгалзажээ. Анхан шатны шүүхээс Засгийн газрын 258 дугаар тогтоолын нэг, 269 дүгээр тогтоолын нэг дэх заалт нь Хөдөлмөрийн болон Төрийн албаны хууль зөрчсөнийг тогтоожээ. Мөн ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн ажилгүй байсан хугацааны цалин 3.9 сая төгрөгийг Засгийн газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.