АН Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулах гэж, МАН ирэх төсвийн талаарх санал дүгнэлтээ эцэслэх гэж хэдэн өдөр хуралдсанаас болж Төсвийн байнгын хорооны хуралдаан хойшилсоор байсан. Харин өчигдөр тус Байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2015 оын төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг ахлагч гишүүн Б.Болор 2015 оны төсвийг хэмнэлттэй, илүү бодит болгох зорилт тавьж ажилласнаа онцлоод Байнгын хороод болон нам, эвслийн бүлгүүдийн саналыг нэгтгэснээ дуулгасан. Ингээд Монгол Улсын 2015 оны төсвийн төсөл, түүнтэй холбоотой бусад хуулийн төслийн зарчмын зөрүүтэй томъёоллоор санал хураалгасан юм. Тухайлбал, МҮОНРТ-ийн урсгал зардлыг гурван тэрбум төгрөгөөр бууруулах саналыг гишүүдийн олонх дэмжээгүй. Мөн Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын багц дахь гадаад арга хэмжээний зардлыг нэг тэрбум төгрөгөөр бууруулахыг дэмжлээ.